Уншиж байна ...

Өмнөд Солонгост улс төрийн орогнол хүссэн хүмүүсийн олонх нь ОХУ-ын иргэд болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улс төрийн орогнол хүссэн гадаадын иргэдийг хүлээж авдаг болсон сүүлийн 30 орчим жилийн хугацаандаа нийт гаргасан хүсэлтийн ердөө 2.7 хувьд буюу 1,544 хүнд зөвшөөрөл өгснийг тус улсын хууль зүйн яам өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал 1994 оноос 2024 оны хооронд 122,095 хүн хүсэлт гаргасны 57,090 нь эцсийн шат хүртэл шалгагдаж, хариугаа сонссон юм байна.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) гишүүн орнуудын дундаж 20 гаруй хувьтай байдагтай харьцуулбал 2.7 хувь нь маш бага үзүүлэлт юм.

1994-2012 оны хооронд ердөө 5,069 гадаадын иргэн орогнол хүсэж байсан бол 2013 онд орогнол хүсэгчдэд тавьдаг шалгуурыг зөөлрүүлсэн Дүрвэгчдийн Тухай Хууль батлагдсаны дараа хүсэлтийн тоо эрс нэмэгдэж байжээ.

Зөвхөн 2023 онд 18,837 хүн Өмнөд Солонгост байнга оршин суух хүсэлт гаргасан байна.

Үүний нэг гол шалтгаан Украины дайнаас үүдэлтэй ОХУ-ын иргэдийн хүсэлт нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.

2021 онд ОХУ-ын ердөө 45 иргэн орогнол хүсэж байсан бол дайн эхэлсэн 2022 онд 1,038, 2023 онд 5,750, 2024 онд 4,546 болон эрс өссөн байна.

Үүний улмаас нийт орогнол хүсэгчдийн хамгийн олон буюу 15 хувийг ОХУ-ын иргэд бүрдүүлэх болжээ.

Дараа нь 10.7 хувиар Казахстан, 9.1 хувиар Хятад, 6.7 хувиар Пакистан, 6.4 хувиар Энэтхэг улсууд удаалсан байна.

Гэхдээ орогнол авч чадсан үзүүлэлтээр Мьянмар (474), Этиоп (161), Египет (154), Бангладеш (124), Пакистан (109) эхний таван байрыг эзэлжээ.

Нийт орогнол хүсэгчдийн 24,513 нь улс төрийн, 23,480 нь шашин шүтлэгийн шалтгаантай байсан байна.

Өмнөд Солонгос улс гадаадын дүрвэгчдийг хүлээж авах асуудалд нэлээд нухацтай ханддаг. Хүсэлт гаргасан хүмүүс хариугаа сонсох дундаж хугацаа 13.4 сар байдаг бол 18.5 хувь нь хоёр жилээс дээш хугацаагаар хүлээдэг байна.

Татгалзсан хариу сонссон дүрвэгчид шүүхэд давж заалдвал маргаан хэдэн жилийн турш үргэлжилдэг ажээ.

 

Эх сурвалж: Korea Times