Уншиж байна ...

Илон Маскийн шүүмжийг Трамп “тэр нэг хүнийг үзэн яддагтай холбоотой” гэж тайлбарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснийхөө маргааш хиймэл оюуны хөгжүүлэлтийг түргэсгэх томоохон төслийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр болсныг зарласан билээ.

$500 тэрбумын хөрөнгө оруулалттай уг төсөлд OpenAI, Oracle, SoftBank компаниуд оролцохоор болж, Цагаан ордонд болсон нээлтийн арга хэмжээнд нь эдгээр компанийн удирдлагууд оролцсон юм.

зураг
 

Гэтэл Трампын шадар хүмүүсийн нэг, бас хиймэл оюуны технологийн бизнес эрхэлдэг тэрбумтан Илон Маск уг төслийг шүүмжилсэн мэдэгдэл гаргаж байв.

Тэрбээр дээрх гурван компанид дурдсан хэмжээний мөнгө байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа сошиал хуудсаараа илэрхийлсэн юм.

Өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзсан Трампаас энэ талаар асуухад “Энэ нь миний төсөлд эргэлзсэн хэрэг биш. Тэнд байсан хүмүүсийн нэгийг үзэн яддагтай нь холбоотой” гэж тайлбарлажээ.

Тухайлбал OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнийг тэр ингэж хэлсэн байна. Олтмэн, Маск нар олон талаар санал нийлдэггүй, хоорондоо таарамж муу байдаг.

“Би Илонтой ярьсан, бас бусад хүмүүстэй ч ярьсан. Төсөлд оролцож буй хүмүүс бүгд маш ухаалаг хүмүүс. Гэхдээ Илон тэдний нэгийг үзэн яддаг. Надад ч бас үзэн яддаг хүмүүс байдаг шүү дээ” гэж Трамп ярьжээ.

Трамп төслөө зарлахад түүнтэй хамт OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн, Oracle компанийн гүйцэтгэх захирал Ларри Эллисон, SoftBank группийн гүйцэтгэх захирал Масаёши Сон нар байлцсан юм.

Маскийн шүүмж үндэслэлтэй эсэхийг асуухад Трамп “Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ засгийн газраас юу ч гарахгүй, бүх мөнгө тэднээс гарна. Тэд маш баян хүмүүс тул би тэдэнд итгэж байна” гэж хариулжээ.

Трампын зарласан төслөөр бол дээрх гурван компани АНУ-д хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх Stargate нэртэй шинэ компанийг хамтран байгуулах юм.

Тэд эхний ээлжид энэ төсөлд $100 тэрбумыг оруулах бөгөөд цаашдаа нийт хөрөнгө оруулалтаа $500 тэрбумд хүргэхийг амлаж байв.

Илон Маскийн хувьд Сэм Олтмэнийг ChatGPT платформыг ашгийн бус зорилгоор хөгжүүлж эхэлсэн анхны замаасаа хазайсан “итгэж үл болох хүн” гэж буруутгадаг.

Энэ үндэслэлээр тэр Олтмэний эсрэг шүүхэд гомдол гаргасан нь одоо үргэлжилж байгаа.

Маскийг шүүмжилсний маргааш Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливит “Америкийн ард түмэн ерөнхийлөгч Трамп болон эдгээр захирлуудын үгэнд итгэх ёстой” гэж Fox News сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн юм.

 

Эх сурвалж: CNN