АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажлынхаа хоёр дахь өдөр хувийн хөрөнгө оруулалттай хиймэл оюуны дэд бүтцийн аварга том төслийг эхлүүлж байгаагаа зарласан юм.
Ингэхдээ тэр OpenAI, Oracle, SoftBank компаниудыг татан оролцуулсан “Stargate” төслөө “түүхэнд хамгийн том нь” гэж магтаж байв.
Цагаан ордонд болсон төслийг зарлах арга хэмжээнд дээрх гурван компанийн удирдлагууд биеэр оролцсон юм.
Харин Трампын шадар хүнээр тодроод буй тэрбумтан Илон Маскийн хиймэл оюуны чиглэлээр ажилладаг xAI компани уг төсөлд багтаагүй байв.
Трамп төслөө зарласнаас хойш хэдхэн цагийн дараа Маск түүнийг нь шүүмжилжээ.
OpenAI компани шинэ төсөлд эхний ээлжид $100 тэрбумыг зарцуулж эхлэх тухай сошиал хуудсандаа мэдээлсний хариуд тэр “Үнэндээ тэдэнд мөнгө байхгүй. Софтбанк дээд тал нь $10 тэрбумыг гаргаж чадахыг би сайн мэдэж байна” гэж бичсэн байна.
Сонгуулийн турш ер бусын ойр дотно харилцаатай байсан, дараа нь АНУ-ын төсвийг танах хариуцлагатай ажилд томилогдсон түүний хувьд ерөнхийлөгчийн төслийг ингэж шүүмжилсэн нь сонин үзэгдэл байлаа.
Маскийн шүүмжийн хариуд OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн буруу ойлголттой байгааг нь хэлээд санхүүжилт хэдийнээ хэрэгжиж, ажил явж эхэлснийг ирж нүдээрээ үзэхийг урьжээ.
Маск, Олтмэн нарын харилцаа сайнгүй, одоо ч шүүх дээр маргаан нь үргэлжилж байгаа.
Тэдний байгуулсан xAI, OpenAI компаниуд нэг ижил салбарт ширүүн өрсөлддөг.
Японы тэргүүн баян Масаёши Соны удирддаг SoftBank компани Маскийн шүүмжийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Майкрософт компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделлагаас өчигдөр Маскийн шүүмжийн талаар асуухад тэр ямар нэг тодорхой байр суурь илэрхийлэхээс зайлсхийсэн юм.
“Би өөрийн $80 тэрбумаас өөр юм мэдэхгүй байна” гэж тэр хариулсан нь Майкрософтын өөрийн OpenAI компанийн хэлний загвар дээр суурилсан хиймэл оюуны төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтыг хэлсэн хэрэг байв.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!