Индэр    
31 минутын өмнө
Зураг
"Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдан

Хятадын 2026 оны эдийн засгийн бодлого ба Монголын стратегийн орон зай

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уламжлал ёсоор жил бүрийн гуравдугаар сарын эхэнд болдог Хятадын хоёр чуулган буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал, Хятадын Ардын Улстөрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал 2026 оны гуравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд Бээжин хотноо болж өндөрлөлөө. Уншигчдад ойлгомжтой болгох үүднээс товчоор Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал гэдэг нь БНХАУ-ын Хууль тогтоох байгууллага бол Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл нь ХКН, бусад дагавар намууд, үндэстний цөөнх, Хонконг, Макаогийн онцгой бүс зэргээс урьсан төлөөлөгчдөөс бүрддэг. Иймд бид эхний хурлын илтгэл, шийдвэрийг голчлон анхаарах нь зүйтэй. Энэхүү нийтлэлд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чяны гуравдугаар сарын 5-ны өдөр БХАТИХ-ын нээлтийн үеэр хэлсэн Засгийн газрын тайлан, мөрийн хөтөлбөрийг үндсэн эх сурвалжаар барин олон улсын шинжээчид, хувь судлаачийн дүгнэлтийг хавсаргасан болно.

Хятадын эдийн засаг “Өсөлтийн тоон утгыг хадгалах” биш, “өсөлтийн загвараа өөрчлөх” үе рүү шилжиж байна.

БНХАУ 2026 онд эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5–5 хувь гэж хүрээгээр тогтоож, “бодит хэрэгжилтийн үе шатанд илүү сайн үр дүнд хүрэхийг чармайна” гэж мэдэгдсэн нь энгийн нэг макро тоон утгыг илтгэсэн амлалт биш. Энэ нь Бээжин өсөлтөө хадгалахыг хүсэж байгаа ч хуучин аргаар бус, өөр бүтцээр, өөр дарааллаар, өөр чанараар хадгална гэсэн дохио юм. Засгийн газрын ажлын тайлан болон түүнийг тайлбарласан бодлогын тоймуудаас харахад 2026 оны үндсэн логик нь дөрвөн тулгууртай байна.

Эдгээр нь:

  • өсөлтийг уян хатан аргачлалаар тогтвортой барих
  • стратегийн түүхий эдийн аюулгүй байдлыг хангах болон технологийн тусгаар тогтнолыг гүнзгийрүүлэх
  • хэрэглээг дэмжсэн төсвийн тэлэлт хийх
  • илүү зөөлрүүлсэн мөнгөний бодлого баримтлах болно гэжээ.
Монгол Улсын хувьд дээрх мэдээний утга нь “Хятад 4.5 эсвэл 5 хувь өсөх нь бидэнд ашигтай юу?” гэсэн энгийн асуултаар дуусахгүй. Гол асуулт нь: Хятадын эдийн засаг цаашид ямар бүтэцтэйгээр өсөх вэ? тэр бүтэц нь Монголын экспорт, хөрөнгө оруулалт, төсөв, аж үйлдвэржилт, ложистик, түүхий эдийн бодлогод ямар шинэ дарамт, ямар шинэ боломж үүсгэх вэ? гэдэгт оршино.

Цаашдаа бид Хятадын эдийн засгийн өсөлт дөрөв, тав, зургаа байх дээр төдийлөн өгөөд байх шаардлагагүй. Хятад хөгжиж буй орноос хөгжингүй орон болж буй тул 2035 оноос өнөөгийн доод эрэмбэ гээд буй 4.5 хувийн хэтэрхий том зорилт болно. Учир нь жижиг эдийн засаг гэнэт тэлэх, огцом өсөх нь байх зүй ёсны үзэгдэл бол хэт том эдийн засаг тоон утгаараа өндөр өсөлт үзүүлэх боломжоор бага. Том эдийн засгийн бага тоон өсөлт ч аварга том тэлэлт болдог гэдгийг нь ойлгох нь чухал. Тиймээс Хятадууд одоо тоон гэхээсээ эдийн засгийн салбаруудынхаа хөгжих, тэлэх боломжтойг нь хөгжүүлье гэдэг бодлого барьж эхэллээ.

Уншигч танд өгүүлэхэд энэхүү нийтлэлд Монгол – Хятадын худалдаа, Хятадын эдийн засгийн нөхцөл байдлын талаар аль болох тоо баримт оруулахгүй судлаачийн зүгээс хичээн аль болох прагматик санал дүгнэлтээ шууд бичихийг хичээлээ.

Нэгдүгээрт: Хятад өмнөхөөсөө ч илүү прагматик болж буй тул Монголчууд бид хоёр дахин илүү ухаан зарах шаардлагатай.

Хятадын эдийн засгийн 4.5–5 хувийн зорилт бол сул дорой байдлын хүлээн зөвшөөрөлт биш. Энэ нь Бээжин өсөлтөө хамгаална, гэхдээ “өсөлт ямар ч үнээр хамаагүй” гэсэн хуучин томьёоллоос ухарч байна гэсэн үг. Шинжээчдийн дүгнэлтээр энэ хүрээ нь Орос – Украины дайн, Венесуэлийн асуудал, Иран – Ойрх Дорнодын дайн зэрэг гадаад орчны тодорхойгүй байдлын хүндрэлийг нуух биш хүлээн зөвшөөрч, бодлогын уян хатан байдлыг хадгалах оролдлого юм. Түүнчлэн 2026 оны төсвийн алдагдлын харьцааг 4 хувь дээр хадгалж, үнэмлэхүй дүнгээрээ 5.89 их наяд юань болгосон бөгөөд урт хугацааны тусгай бонд, орон нутгийн тусгай бонд, банкны хөрөнгийг нэмэгдүүлэх “тусгай улсын бонд”-ыг хамруулбал бодит төсвийн тэлэлт нь үүнээс хавьгүй том хэмжээнд хүрч байна. Нөгөө талд мөнгөний бодлогод “appropriate easing” гэх ховор хэрэглэгддэг томьёоллыг дахин ашигласан нь бодлогын хүү, заавал байлгах нөөцийн бууралтын орон зай нээлттэй байгааг илтгэнэ.

Эндээс Монголчууд бид унших ёстой эхний стратегийн дохио гарна. Хятадын өсөлт цаашид зөвхөн барилга, цемент, ган, үл хөдлөх хөрөнгөөр хэмжигдэхгүй. Хэрэглээ, нийгмийн зардал, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл, эрчим хүчний шилжилт, бүтээмжийн өсөлт илүү чухал болно.

Өөрөөр хэлбэл, Монгол Хятадын өсөлтөөс ашиг хүртэх боломж хэвээр боловч тэр ашиг өмнөх шиг автоматаар ирэхгүй. Монгол өмнөх арван жилүүдийнх шиг “Хятад өснө = манай түүхий эд зарагдана” гэсэн шулуун шугаман сэтгэлгээнээс гарах шаардлагатай. Өмнөх шигээ Хятадын эдийн засаг 5 хувь өсвөл манай эдийн засаг дагаад 1.6 хувиар нүүрсний экспортоороо дамжуулан шууд механик өсөлт үзүүлдэг байсан цаг үе дуусна гэсэн үг.

Хоёрдугаарт: Монгол Улс эхлээд нийт экспортынхоо бүтцийг биш юмаа гэхэд, Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, экспортоо олон төрөлтэй болгох шаардлагатай.

Монголын экспортын бүтэц Хятадын гангийн үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэглээний мөчлөгөөс өндөр хамааралтай хэвээр байна. Дэлхийн банкны WITS мэдээллээр Монголын экспортын 84.3 хувь Хятад руу чиглэж байна. Энэ нь Монголын эдийн засаг үндсэндээ ганц том зах зээлийн эрэлт, хил, ложистик, бодлогын өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай хэвээр байгааг харуулна. Гэвч Хятадын 2026 оны дохио нь Монголын нүүрсний хувьд хоёр давхар утгатай. Нэг талаас, Хятад 2025 онд Монголын нүүрсийг их хэмжээгээр импортолж, Reuters-ийн мэдээлснээр 2025 оны сүүлийн сард Монголын нүүрсний импорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ нь ойрын хугацаанд хил залгаа байршлын давуу тал, нийлүүлэлтийн тогтвортой байдал Монголд ашигтай хэвээр байгааг харуулна.

Нөгөө талаас, 2026 оны Бээжингийн бодлогоос үзвэл урт мөчлөг дээр дотоод хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтцийн шинэчлэл, нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах зорилт улам чангарах ажиглагдаж байна. Хятадын Засгийн газрын тайланд ДНБ нэгжид ногдох CO₂ ялгарлыг ойролцоогоор 3.8 хувиар бууруулах зорилт туссан бөгөөд эрчим хүч зарцуулалт өндөртэй салбаруудад хязгаарлалт үргэлжилнэ. Гэхдээ Хятадууд маш прагматик улс гэдгийг байнга санах хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл Хятадууд ногоон хөгжил, экологийн талаарх бодлогоо хэнд ч хэлэлгүй өөрчлөөд нүүрсний хэрэглээгээ хэдэн зуун сая тонноор ч өсгөх боломжтой.

Одоогийн бодлогынх үүднээс харвал Монголын нүүрсний өнөөгийн орлого стратегийн баталгаа биш, харин цонх хугацаа юм. Энэ цонхыг ашиглаад Монгол Улс:

  • нүүрснээс орж буй валютын урсгалыг богино мөчлөгийн төсвийн хэрэглээнд тараах уу?
  • эсвэл төмөр зам, хил боомт, баяжуулалт, эрчим хүч, зэс, газрын ховор элемент, боловсруулах үйлдвэрлэл зэрэг урт өгөөжтэй хөрөнгөнд төвлөрүүлэх үү? гэдэг сонголтын өмнө байна.

Энд Монголын бодлогын алдаа тод харагддаг. Бид нүүрсний өндөр мөчлөгийг “байнгын орлого” гэж андуурвал дараагийн уналт бүр улсын төсөв, ханш, банкны систем, улс төрийн тогтвортой байдал руу цохилт өгнө. Харин түүнийг “түр зуурын геополитик-ложистикийн рент” гэж харвал хуримтлал, дэд бүтэц, экспортын төрөлжилтийн санхүүгийн эх үүсвэр болгож чадна.

Гуравдугаарт: Монголын зэсийн баяжмал, аж үйлдвэрийн эрдсийн үнэ цэнэ өснө

Хятадын 2026 оны бодлого хэрэглээг дэмжинэ, мөнгөний нөхцөлийг зөөллөнө, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг дэмжинэ, ногоон шилжилт болон технологийн салбаруудад бодлогын өөрчлөлт гаргана. Урт хугацааны тусгай төрийн сангийн бондын зарцуулалтад тоног төхөөрөмжийн шинэчлэл, хэрэглээний барааны чанарыг эрүүлжүүлэх, сайжруулах хөтөлбөр, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл зэрэг багтсан байна.

Энэ бүтэц Монголд нэг чухал үнэнийг сануулж байна: дараагийн Хятадын өсөлт Монголын хувьд нүүрснээс илүү зэс, катодын гинжин бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн металл, зарим төрлийн стратегийн ашигт малтмалаар илүү үнэ цэн бүтээж магадгүй. Учир нь өндөр чанартай өсөлт гэдэг нь технологийн шинэчлэл, сүлжээний шинэчлэл, цахилгаанжуулалт, эрчим хүчний үр ашиг, үйлдвэрлэлийн автоматжуулалттай салшгүй холбоотой.

Монголын хувьд зэсийн салбарын ач холбогдол энэ утгаараа улам өснө. Хэрэв Хятадын өсөлтийн шинэ загвар нь үл хөдлөх хөрөнгийн хөөс бус, эрчим хүчний шилжилт ба үйлдвэрлэлийн шинэчлэл рүү төвлөрвөл зэс, дамжуулах сүлжээний тоног төхөөрөмж, хуримтлуурын гинжин хэрэглээ өсөх магадлал өндөр. Энэ нь Монголын экспортын бүтцийг нүүрсний хэт давамгайллаас зэс-төвтэй тэнцвэр рүү аажмаар шилжүүлэх стратегийн үндэслэл болно. Энэ бол зөвхөн уул уурхайн асуудал биш; энэ нь экспортын хэлбэлзлийг бууруулах макро бодлого мөн.

Дөрөвдүгээрт: Газрын чухал элементийн ашиглалт, боловсруулалт, худалдаан дээр Монголд “хоцрох эрх” бараг үлдэхгүй.

Хятадын бодлогын тайлан дахь хамгийн анзаарах ёстой гүн дохио бол өндөр технологи, ногоон үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн шинэчлэл, өгөгдөл ба оюуны өмчийг барьцаалах санхүүгийн шинэ хэрэгсэл зэрэг нь үйлдвэрлэлийн шинэ үе рүү шилжиж буйг илтгэж байна.

Хэрэв дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ стратегийн ашигт малтмал, газрын ховор элемент, боловсруулах хүчин чадал, батарейн материал, өндөр цэвэршилттэй металл руу улам төвлөрвөл Монгол зөвхөн ордтой байх нь хангалтгүй. Монголд гурван сонголт байна.

Нэгдүгээрт, зөвхөн түүхий хүдэр нийлүүлэгч хэвээр үлдэх.

Хоёрдугаарт, анхан шатны боловсруулалттай экспортлогч болох.

Гуравдугаарт, хөрш зах зээлийн эрэлт, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, дотоодын эрчим хүч-усны чадавхыг хослуулсан стратегийн бүтээгдэхүүн боловсруулах зангилаа болох.

Хятад өндөр технологийн үйлдвэрлэлээ тэлж буй үед Монгол газрын ховор элемент дээр бодлогын шийдвэрээ удаашруулбал цонх хаагдана. Энд “ордын лиценз”-ийн асуудал гол биш; ус, эрчим хүч, байгаль орчны стандарт, хөрөнгө оруулалтын хэлбэр, боловсруулах үйлдвэрийн байршил, экспортын маршрут, технологийн түншлэл, үндэсний ашиг сонирхлын дүрэм гол болно. Өөрөөр хэлбэл, Монголын сорилт геологи дээр биш, төрийн чадавх дээр ирж байна.

Тавдугаарт: Хятадын дотоод хэрэглээ дэмжих бодлого Монголд шинэ зах зээл нээнэ. Гэхдээ бид шууд ашиг хүртэнэ гэсэн үг биш.

2026 оны тайланд Бээжин орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй уялдуулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэгт “хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалт” нэмэгдүүлэхийг онцолсон. Энэ нь дотоод эрэлтийг тогтворжуулах зорилготой.

Монголын олон хүн ийм үед “тэгвэл мах, ноолуур, хүнс, аялал жуулчлал, соёлын бүтээгдэхүүн Хятадын зах зээлд гарна” гэж өөдрөг дүгнэх гээд байдаг. Гэхдээ бодит байдал илүү хатуу. Хятадын хэрэглээ тэллээ гээд Монголын бараа өөрөө орчихгүй. Хятадын зах зээлд стандарт, ложистик, тогтвортой нийлүүлэлт, хилийн нэвтрэлт, хорио цээр, брэнд, цахим худалдааны суваг, хэл-соёлын маркетинг зэрэг тусдаа институцийн дэд бүтэц шаарддаг.

Тиймээс Хятадын хэрэглээний өсөлт Монголд боломж мөн. Гэхдээ тэр боломж зөвхөн дараах нөхцөлд бодит экспорт болно:

  • боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх,
  • мал эмнэлэг, гарал үүсэл, стандартын систем сайжрах,
  • ноос ноолуурын технологио сайжруулах
  • нэмүү өртөг шингээхүйц уул уурхайн эцсийн бүтээгдэхүүни үйлдвэрлэлийг хөгжүүлэх
  • ресторан, шүдний эмнэлэг гэх мэт франчайзаар хөгжих боломжтой үндэсний брэндийг бий болгох
  • экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хэмжээ, санхүүжилт, багцлах чадвар нэмэгдэх,

Монголын төр зах зээл нээх хэлэлцээрийг зөвхөн улс төрийн хэлээр бус техникийн хэлээр хийж сурах. Өөрөөр хэлбэл, Хятадын хэрэглээний өсөлт Монголд боломж биш, Монголчууд бидний эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд заавал биелүүлэх даалгавар мөн. Хятадын дотоод хэрэглээний өсөлт Монголд боломж нээх ч түүнээс ашиг хүртэх кластер, франчайз, брэндийн үнэ цэнийг бий болгосон үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад худалдааны цогц бодлого хэрэгжүүлэхгүйгээр бид өмнөд хөршийн зах зээлээс ашиг хүртэхгүй.

Зургаадугаарт: Монголын шийдвэр гаргагчид, судлаачид, бизнесийн группийн шинжээчид Хятадын бодлогын дохиог зөв уншвал ашиг аяндаа ирнэ

Хятадын 2026 оны бодлогоос Монгол шууд хуулбарлах зүйл байхгүй. Гэхдээ сурах ёстой институцийн сургамж бий.

Нэгд, Бээжин өсөлтийн зорилтоо хүрээгээр тогтоож, тодорхойгүй байдлыг “бодлого дотроо” шингээж байна. Монгол Улс харин төсвөө ихэвчлэн өндөр орлого дээр тулгуурлан баталж, эрсдэлийг тооцооны хавсралтад үлдээдэг. Хятадын дохио Монголд нэг зүйлийг сануулж буй нь эрсдэлээ мэдээлэлд биш, төсөвтөө шингээх явдал юм.

Хоёрт, Бээжин төсвийн тэлэлтийг уламжлалт дэд бүтцээс хэсэгчлэн “хүн рүү” шилжүүлж байна. Монгол ч мөн адил уул уурхайн орлогоо зөвхөн барилга, хөтөлбөр, тараалт руу бус боловсрол, инженерчлэл, ложистик, хил, эрчим хүч, үйлдвэрлэлийн дэд бүтэц рүү төвлөрүүлэх ёстой.

Гуравт, мөнгөний ба төсвийн бодлого, аж үйлдвэрийн бодлого, зохицуулалтын бодлого хоорондоо зөрчилдөхгүй байх “policy consistency” гэдэг санааг Бээжин онцолсон. Монголд бол эсрэгээрээ: нэг гараараа хөрөнгө оруулалт урья гэдэг, нөгөө гараараа зөвшөөрөл, татвар, лиценз, популист уриа лоозонгоор үргээдэг. Энэ зөрчлийг арилгахгүйгээр Монгол Хятадын шинэ мөчлөгөөс том өгөөж хүртэхгүй.

Долоодугаарт: Монголын стратегийн гол зорилт бол хэрэглэгчээс нийлүүлэгч рүү шилжих Хятадын зах зээл рүү давших стратеги баримталж эхлэх.

Зарим үед Монголд Хятадын эдийн засгийн хамаарлыг ярихдаа хоёр туйл гардаг. Нэг хэсэг нь “Хятад өсөхөд бид л өснө” гэж хэт найдна. Нөгөө хэсэг нь “Хилээ хааж, дотооддоо бүхнээ хийх ёстой” гэж бодит бус уриа хэлнэ. Аль аль нь хангалтгүй.

Бодит стратеги бол: Хятадтай хийх эдийн засаг, худалдааны харилцаагаа тоо хэмжээ болон чанарын хувьд өөрчлөх. Өөрөөр хэлбэл:

  • түүхий эдийн ганц сувгаас олон бүтээгдэхүүний сүлжээ рүү
  • хил дээрх ачааны урсгалаас үйлдвэрийн хоршил руу
  • богино мөчлөгийн нүүрсний орлогоос урт мөчлөгийн металл ба боловсруулалтын орлого руу
  • зөвхөн экспортлогч байр сууриас нийлүүлэлтийн сүлжээний стратегийн зангилаа руу шилжих хэрэгтэй.

Бид оюун санааны хувьд Хятадын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн хэрэглэгчийн сэтгэлгээнээс өмнөд хөршийн дотоод зах зээлд байр сууриа эзлэх тоглогч, гадаадын хөрөнгө оруулагчийн сэтгэлгээ рүү шилжих шаардлагатай.

Товчхондоо Бээжингийн 2026 оны дохио нь Монголын хувьд түүхий эд экспортлогч хэвээр үлдвэл Хятадын өсөлтөөс бид зөвхөн үлдэгдэл ашиг авна; харин нийлүүлэлтийн сүлжээ, боловсруулалт, стратегийн эрдэс, хил-ложистик, институцийн шинэчлэлдээ төвлөрвөл Хятадын шинэ мөчлөгийг Монголын шинэ хөгжлийн шат болгох боломж бий.