Зураг
Зураг
Индэр    
2023 оны 6 сарын 20
Зураг
"Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдан

Хятадын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын өөрчлөлт ба Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал

Зураг

Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ)-ын 14 дэх удаагийн "Зуны Давос" чуулган 2023 оны зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотод болно гэж өмнөд хөршийн эдийн засгийн бодлогыг төлөвлөгч засгийн газрын байгууллага болох Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо мэдэгдсэн.

“Аж ахуй эрхлэлт: Дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч хүч” уриан дор зохион байгуулах уг арга хэмжээнд олон орны төр засгийн тэргүүн, үндэстэн дамнасан корпорац, иргэний нийгэм, олон улсын байгууллагын удирдагчид, салбарын судлаачдын төлөөлөл болох 1,500 гаруй манлайлагчид оролцох ба тэдгээрийн дунд манай улсаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй баг хүрэлцэн очих мэдээлэл байна.

ДБЭФ-ын мэдээлснээр энэ жилийн Зуны Давосыг олон улсад танигдсан есөн удирдагч хамтран даргалах юм. Тэдний дунд Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала, Стандарт банк группийн ерөнхийлөгч Нонкулулеко Нямбези, Евразиан Ресурс группийн гүйцэтгэх захирал Бенедикт Соботка нар байгаа бол форумыг нутаг дээрээ хүлээн авсан хамтран зохион байгуулагч БНХАУ-ын талаас Хятадын лити батерейны үйлдвэрлэгч Contemporary Amperex Technology Co.Ltd (CATL)-ын гүйцэтгэх захирал Робин Зень, Хятадын төрийн өмчийн сүлжээ корпорацын дарга Шин Баоан нар даргалахаар сонгогдсон.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд “Бээжин-2022” өвлийн олимпын үеэр өмнөд хөршид анх удаа айлчилсан. Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын үед олон улсын засгийн газрын тэргүүн нараас хамгийн түрүүнд “Олимп бол хүн төрөлхтний эв санааны баяр учир улс төрөөс ангид байх ёстой. Манай улс энэ удаад БНХАУ-тай эв санааны хувьд олимпын байр суурин дээр нэг буйгаа илэрхийлж байна. Миний бие өвлийн олимпын нээлтэд хүрэлцэн очиж оролцоно” гэж мэдэгдсэнийг 2022 оны эхний өдөр БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян зарлаж, тэрхүү өдрийнхөө ССTV-ийн оройн мэдээний оргил цагийн онцлох мэдээ болж байв. Тэгвэл Ерөнхий сайдын Хятадад хийх хоёр дахь удаагийн айлчлал нь мөн л олон улсын эдийн засгийн олимп гэж хэлж болохуйц “Зуны Давос”-той давхцаж байгаа нь бас л сонирхолтой давхцал юм.

Бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадын хоёр Ерөнхий сайдтай уулзсан Монгол Улсын анхны Ерөнхий сайд

Түүх сөхвөл 1988 оноос хойш БНХАУ-ын Ерөнхий сайдаар ажилласан эрхмүүд засгийн газрын тэргүүн байх үедээ тус бүр Монгол Улсын 3-4 ерөнхий сайдтай уулзсан статистик байдаг бол Монгол Улсын Ерөнхий сайд нараас анх удаа Л.Оюун-Эрдэнэ нэг бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадын хоёр ерөнхий сайдтай дараалан хэлэлцээрийн ширээний ард суух гэж байна.

Өнгөрөгч 2022 оны 10-р сард хуралдсан ХКН-ын ХХ их хурлаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний улсаа удирдах 3 дахь 5 жил эхэлсэн бол 2023 оны гуравдугаар сарын 11-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас Шанхай хотын намын даргаар ажиллаж байсан Ли Чянийг Төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар томилсон.

Шинэ ерөнхий сайд Ли Чяний өмнө Хятадын нийгэмд үүссэн 4 зөрүү буюу Хятадын бүс нутгуудын хөгжлийн зөрүү, эдийн засгийн салбар хоорондын ашгийн зөрүү, иргэдийн орлогын зөрүү, хүн амын нийгмийн хамгаалал, халамжийн зөрүүг арилгах, үл хөдлөхийн салбарын хямралыг гэтлэх, дотоодын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортыг бууруулахгүй байх, орон нутгийн төсвийн алдагдлыг нөхөх, сэргээгдэх эрчим хүч, сансар судлалаа хөгжүүлэх, байгаль орчны доройтлыг арилгахад тулгараад буй технологи, инновацын хоцрогдлыг даван туулах сорилтууд хүлээж буй.

Хятадын эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 4.5 хувиар өсөж, дөрөв ба тавдугаар сард өсөлтөө хадгалсан нь шинжээчдийн хүлээлтээс давсан хэрэг байв. 2022 онд хуралдсан “хоёр чуулган”-аар өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь байлгах зорилт тавьсан ч КОВИД-19 цар тахалтай холбоотой хатуу хөл хорионы дэглэм оны сүүлч хүртэл үргэлжилсэн, дэлхийн ложистикийн хямрал, Украин дахь дайнаас шалтгаалан тус улсын экспорт буурснаар өсөлт дөнгөж 3 хувьтай гарсан.

Өмнөд хөршийн үндэсний статистикийн товчооны тавдугаар сарын 16-ны тайланг харвал аж үйлдвэрийн үйлдвэрлэл, жижиглэн худалдааны борлуулалт, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт, өндөр технологийн салбар нь сэргэж байна. Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд өндөр технологийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт нь өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, цахилгаан автомашины үйлдвэрлэл 85.4 хувиар өсжээ. Гэсэн хэдий ч аж үйлдвэрт ашиглах төмрийн хүдэр, нүүрсний импорт нь цөөн тооны улсуудаас хамааралтай байж, өндөр технологи, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн түүхий эд болох зэс, никель, кобальт болон цахиур, кварцын элс, жонш зэрэг газрын ховор элементийг олборлох, цэвэршүүлэх технологи нь эдийн засгийн хөгжлийн хурдаа гүйцэхгүй, нөөц хангалтгүй, зарим тохиолдолд эдгээр бүтээгдэхүүн дээр Америк, Норвеги, Япон улсууд экспортын квот тогтоосноос хамаарч Хятадын дотоодын эрэлт нь нийлүүлэлтээс давж, үнэ хөөрөгдөж байгаа нь засгийн газрынх нь түвшинд аюулын дохио өгөх болсон.

Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эмзэг цэгүүд

Эстоний дайн судлалын хүрээлэн зэрэг байгууллагаас сүүлийн саруудад Украины дайнаас өмнө олон улсад Оросын цэрэг, улс төр, эдийн засгийн хүчин чадлыг “хэт үнэлэх” байдал түгээмэл байсныг шүүмжлэх болсон. Хэт үнэлэх гэдэг нь аливаа улс орны талаар өрөөсгөл байдлаар дүгнэх буюу давуулан бодох эсвэл дутуу үнэлэн басамжлах гэсэн хоёр туйлт ойлголт юм. Манайд ч бас Хятадыг “хэт үнэлэх” байдал түгээмэл ажиглагддаг. Гадаад, дотоодын хатуу, зөөлөн хүчний бодлогын нөлөөгөөр Монголчуудын дунд Хятадын үсрэнгүй хөгжлийг таамгаар шагшин магтах эс бөгөөс шалтгаангүйгээр дургүйцэх гэсэн хоёр туйл оршдог. Хэрвээ бид аль нэг хөрштэйгөө харилцан ашигтай хамтран ажиллаж, улсынхаа далайд гарцгүй сул талыг түүгээр дамжуулан нөхөж, эдийн засгийнх нь өсөлтөөс ашиг хүртэхийг хүсвээс эрүүл саруулаар сэтгэж, асуудалд тооцоо судалгаатай, шинжлэх ухаанчаар хандвал зохилтой.

Дэлхий дээр асуудал бэрхшээлгүй улс орон бүү хэл гэр бүл, хувь хүн нэгээхэн ч үгүй шиг Хятад улс ч өөрийн гэсэн хүндрэл, шийдвэрлэж чадаагүй асуудлуудтай. Тэдгээрийн дийлэнх нь манай улстай ижилхэн газарзүйн байршил, хөрш улсуудын зүгээс учруулах хориг саад, их гүрнүүдийн өрсөлдөөн гэх мэт гадаад хүчин зүйлсээс болж үүссэн байдаг.

Орчин үеийн Хятад улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийнх нь эмзэг цэг гэж хэлж болохуйц асуудлуудыг дараах байдлаар эрэмбэлж болно.

1. Энэтхэг – Номхон далайд Хятадын худалдааны хөлөг онгоцууд чөлөөтэй зорчиход тохиолдох саад бэрхшээл.

Зүүн Азийн эргийн дагуух тивийн газрын зургийг харвал Ляонины хойгийг Солонгосын хойгоос зааглаж буй Шар тэнгисээс эхлээд Өмнөд Хятадыг тэнгисийг хүртэлх Хятадын далайн усан хил нь Өмнөд Солонгос, Япон, Филиппин, Тайвань арал, Бруней, Малайз, Индонез, Вьетнам, Сингапурын усан хилийн шугамаар их далайгаас таслагдсаныг харж болно.

Өмнөд Хятадын тэнгисээс Сингапурын хошуугаар тойрон Малайз – Тайландын бага хойг, Индонезын Суматра арлын хороон дахь усыг Малаккын хоолой гэх бөгөөд ДХБ-ны 2022 оны эцсийн тайланд дурдсанаар түүгээр манай гарагийн далайн тээврийн 47 хувь дайрч өнгөрсөн байна. Энэхүү стратегийн ач холбогдолтой хоолойд Хятадын цэрэг, худалдааны хөлөг онгоцууд АНУ, Их Британи, АСЕАН-ы орнуудын хамтарсан хяналт шалгалттай байнга таарч олон улсын худалдааны бичиг баримтын бүрдлээ шалгуулан цаг алдах, зарим үед тодорхойгүй хугацаагаар саатуулагдах явдал байнга гардаг. Малаккын хоолойг саадгүй туулсан ч Андаманы тэнгис, Энэтхэгийн далайд бүрэн ноёрхож буй БНЭУ-ын хүчирхэг далайн флотоос учруулах төрөл бүрийн хоригийг давж гарах нь Хятадын хөлөг онгоцууд, далайн тээврийн компаниудын толгойн өвчин болсоор буй.

Энэхүү сул талаа нөхөхийн тулд Хятадын засгийн газар 2013 оноос “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Пакистантай Гвадар боомтыг хамтран эзэмших, хөгжүүлэх төслийг идэвхитэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн зөвхөн нэг дэд хэсэг болох Шинжааны Кашгар хотоос Гвадар боомт хүртэл 2992 км төмөр зам барих ажлыг Хятадын талын 58 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн.

2. Өрнөдийн орнуудын өндөр технологиос хараат хэвээр байна.

Тайвань арал дэлхийн чип үйлдвэрлэл, хагас дамжуулагчийн зах зээлийн 64 хувийг эзэлдгээс “TSMC” компани дангаараа үүний талаас илүүг нийлүүлдэг. Тайванийн араас Өмнөд Солонгос 16 хувь, Хятад 9 хувь, АНУ 6 хувь, Израиль 1,3 хувь, бусад улсууд 2 хувийг бүрдүүлдэг. Хятад нь ухаалаг үйлдлийн систем, хагас дамжуулагчийн зах зээлд Америкийн холбоотнуудаас ихээхэн хоцорсон хэдий ч өндөр цэвэршилттэй кварцын элс, цахиур боловсруулах салбарыг бодоход харьцангуй давуу талтай юм.

Тэр бүр олны анхааралд өртөөгүй нэг салбарт өндөр технологийн өрсөлдөөн Хятад ба Барууны орнуудын хооронд өрнөж эхэлсэн нь өндөр цэвэршилттэй кварцын элсийг боловсруулах технологи, инновацын төлөөх тулаан юм.

Аж үйлдвэрт кварцын элсийг ихэвчлэн энгийн кварцын элс, цэвэршүүлсэн кварцын элс, өндөр цэвэршилттэй кварцын элс, хайлуулсан цахиурын элс, цахиурын микро нунтаг гэж хуваадаг. Энгийн кварцын элс нь түүнд агуулагдах цахиур буюу SiO2 нь ≥90-99%, Fe2O3≤0.06-0.02%, 1750℃ галд тэсвэртэй кварцын элс юм. Энгийн кварцын элсийг ерөнхийдөө байгалийн кварцын хүдрийг бутлах, угаах, хатаах, дараа нь шигших зэргээр хагас боловсруулсан элс гэж ойлгож болно.

Харин химийн найрлага нь SiO2≥99-99.5%, Fe2O3≤0.005% бол цэвэршүүлсэн кварцын элс, SiO2≥99.5—99.9%, Fe2O3≤0.001% болтол нь боловсруулбал өндөр цэвэршилттэй кварцын элс, SiO2 99.9-99.95%, Fe2O3 5PPM-25PPM max, Li2O 1-2PPM max, Al2O3 20-30PPM max үзүүлэлт рүү хүрвэл хайлсан цахиурт элс, үүнээс дээш үзүүлэлттэй болоод ирэхээрээ цахиурын нунтаг болдог.

зураг
 

Эдгээрээс нарны гэрлийг хувирган цахилгаан эрчим хүч болгоход ашигладаг нарны зай хураагуурын хавтангийн үндсэн түүхий эд нь харьцангуй үнэ хямд энгийн кварцын элс байдаг. Харин нарны хавтан үйлдвэрлэхэд өндөр цэвэршилттэй кварцын элсээр хийсэн “кварцын шилэн зуух” дотор энгийн кварцын элсийг шатаах технологи ашигладаг. Тэрхүү “кварцын шилэн зуух”-ыг 500-хан цаг хэрэглэх боломжтой байдаг. Хятадын нарны хавтан үйлдвэрлэлийн салбарын 5-р сарын тайлангаас харахад 2023 оны гуравдугаар сараас эхлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл сар бүр 15%-иар нэмэгджээ. Энэ оны эхний улиралд шинээр суурилуулсан хүчин чадал нь 11.73 ГВт болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80%-иар өсжээ.

Хятадын хагас стратегийн түүхий эд болох өндөр цэвэршилттэй кварцын элсний үнэ 2023 оны эхний улиралд Шанхайн уул уурхайн түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа 30,000 юань байсан бол 5-р сарын 15-ны байдлаар албан ханшаар 130,000 юань, хар зах дээр 200,000 – 250,000 юань хүртэл өссөн.

Өсөлтийн шалтгаан нь Хятадад цахиур, энгийн кварцын элсийг өндөр цэвэршилттэй кварцын элс болгох, цаашлаад цахиурын нунтаг үйлдвэрлэх технологи байхгүйд оршино. Одоогийн байдлаар Хятадад АНУ-ын Sibelco, Норвегийн TQC компаниуд өндөр цэвэршилттэй кварцын элс нийлүүлдэг ба ингэхдээ тус бүр жилд 25 мянган тонноос илүүг нийлүүлэхгүй байхаар квот тогтоосон.

3. Сэргээгдэх эрчим хүчний салбарт үүссэн эрсдэл.

2021 – 2025 онд хэрэгжих XIV таван жилийн төлөвлөгөөнд тусгаснаар цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг Хятадын эрчим хүчний салбарын хоёр тэргүүлэх чиглэл, эх үүсвэр гэж томьёолжээ. Тэгвэл 2022 онд Францын санаачилгаар Оросын байгалийн хий, нүүрс, эрчим хүчний импортоос хамаарах хамаарлаа багасгахын тулд Европын холбооноос цөмийн эрчим хүчийг байгальд ээлтэй, ногоон эрчим хүч хэмээн зарласан. Цаашид дэлхий нийт цөмийн эрчим хүчийг нар, салхи, усан цахилгаан станцын нэгэн адил сэргээгдэх эрчим хүчний ангилалд оруулах төлөвтэй байна.

Хятадын XIV таван жилийн төлөвлөгөөнд тусгаснаар 2020 оны жилийн эцсийн дүнгээр Хятадын сэргээгдэх эрчим хүчний нийт үйлдвэрлэл 2.2 их наяд кВт.ц байсан бол 2025 онд 3.3 их наяд кВт цаг хүргэн үйлдвэрлэлийг 50 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж, 2020 оны байдлаар нийт хэрэглээний 28.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бүрдүүлж байсныг 2025 онд хамгийн багадаа 33 хувьд хүргэхээр тооцжээ.

Гэвч энэхүү зорилтыг биелүүлэхэд ноцтой саад учирсан нь 2021, 2022 онуудад Хятадад тохиосон их ган 2023 онд ч мөн тохиож, ирэх 7, 8-р саруудад өмнөх жилийнхтэй адил алдарт Хөх, Шар мөрөн дээрх усан цахилгаан станцуудын далангийн ус татрах, мөрний зарим салаа ширгэх мэдээ дуулдах болов. Ингэснээр Хятадын томоохон хотуудад 2022 оны зун тохиосон сэнс, агаар сэрүүцүүлэгчийн хэт ачааллаас шалтгаалсан эрчим хүчний доголдол давтагдах магадлал үүсэв. Үүнтэй зэрэгцэн өмнө хэсэгт өгүүлсэн өндөр цэвэршилттэй кварцын элсний хомсдол, үнийн өсөлтөөс болж нарны хавтан үйлдвэрлэл буурч нарнаас эрчим хүчний үйлдвэрлэлийн энэ жилийн зорилт ч тасалдах аюултай байна.

4. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн импортоо солонгоруулах шаардлага үүссэн.

2022 оны 10-р сард хуралдсан ХКН-ын ХХ их хурлын эдийн засгийн гол шийдвэрүүдийн нэг нь экспорт, импортоо солонгоруулах бодлого юм. 2017 оноос өрнөсөн Америк – Хятадын худалдааны дайн, Орос – Украины цуст дайнаас сургамж авсан Хятадууд аль нэг технологи, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүхий эдийн экспорт, импорт, тухайн нэг улстай тогтоосон улс төр, эдийн засгийн харилцаанаас хамаарсан хэт хамаарал нь эдийн засгийг эмзэг болгодгийг практик дээр мэдэрсэн. Иймээс экспорт, импортоо хамгийн боломжит түвшинд нь солонгоруулах бодлогыг КОВИД-19-ийн дараа эрчимтэй баримталж байна.

Зөвхөн нүүрсэн дээр жишээлэхэд л Хятадын 2022 оны нүүрсний дотоодын олборлолт 4 тэрбум 494 сая тонн, импорт 986 сая тонн орчим байсан. Импортын дийлэнхийг Австрали, Индонез, Орос, Монгол, Малайз улсууд голчлон бүрдүүлдэг. Хятадын засгийн газраас хэрвээ шаардлагатай гэж үзвэл дотоодын нүүрсний олборлолтоо 5 тэрбум 500 сая тоннд хүртэл өсгөхөд бэлэн байхаас гадна дээрх 5 улсаас импортлох нүүрсний хэмжээгээ жигд жилийн 100 – 120 сая тонн байлгах тал дээр анхаарч буй. Монгол Улсын Хятад руу хийх уул уурхай, ХАА-н бүтээгдэхүүний экспортод тулгарч буй саад бэрхшээл нь Монголчууд бидний идэвх санаачилгагүй байдал, авлига хүнд суртал, шинжлэх ухаанч бус сэтгэлгээ, улс орон худалдааны бодлогогүй явж ирсэнтэй шууд холбоотой.

Хятадын талаас Монгол Улсаас нүүрс, төмрийн хүдэр, жонш, кварцын элс, хагас боловсруулсан арьс шир, малын яс, бүтэн болгосон малын дотор гэдэс импортлох сонирхолтой байгаа ч манай талын тээвэр ложистикийн хүндрэл, боомтуудын нэвтрүүлэх чадвар сул, экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гардаг төрийн хүнд суртал гол тээг болдог. Монгол Улсын Засгийн газар Боомтын асуудал эрхэлсэн сайд, захиргааны газартай болсныг шүүмжлэх хүмүүс ч байгаа ч гадаад худалдааны салбарын судлаачийн хувьд миний бие талархаж байгаа. Гэхдээ боомтоо сайжруулах гэдэг нь гадаад худалдааны тээвэрлэх, нэвтрүүлэх, агуулах, түгээх, төлбөр гүйцэтгэх гэсэн таван гинжин хэлхээний зөвхөн нэгийг нь сайн болгох асуудал. Төрийн бодлогоос сүүлийн 30 гаруй жил ангид байж ирсэн Монгол Улсын гадаад худалдааны асуудал “Боомтын сэргэлт”-ээр дамжин цаашид иж бүрэн хэлбэрээрээ сэргэнэ гэдэгт найдаж байна. Монгол Улс хөрш орнууд, Зүүн Азитай эдийн засгийн нэг интеграцад нэгдэж, худалдаанаас ашиг олж, үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа бол 2022 онд байгуулсан Боомтын захиргааны газраа 2024 оны сонгуулийн дараа Гадаад худалдааны яам болгон өргөтгөхөөр төлөвлөж, одооноос хүний нөөцөө бэлдэн, бодлогын судалгааны ажлаа эхлүүлбэл зүйтэй.

Францын ерөнхийлөгч Э.Макроны Зүүн Азид хийсэн гурван айлчлалын зорилго

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал энэ хавар намжсанаар Францын ерөнхийлөгч Э.Макронд дотоодын асуудлаа түр хойш тавин гадаад бодлогодоо анхаарах боломж нээгдсэн. Түүний тухайд 2023 оны 4-р сард Хятадад, 5-р сард нь Японы Хирошима хотод болсон Их Долоогийн уулзалтад оролцсоны дараагаар үргэлжлүүлэн Монгол Улсад анхныхаа албан ёсны айлчлалыг хийсэн.

Э.Макроны Хятад, Монголд хийсэн төрийн албан ёсны айлчлалын зорилго, үр дүнг нэгтгэн товч дүгнэвэл Франц улс Хятадтай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, Францын технологиор Хятадад орчин үеийн атомын цахилгаан станцуудыг байгуулж, Монгол Улсыг цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураны шар нунтгийн ханган нийлүүлэгч гол түншээ гэдэг дээр хоёр улс байр сууриа нэгтгэсэн.

Японд Их Долоогийн улсууд чуулж байхтай зэрэгцэн Хятад – Орос, Хятад – Төв Азийн хооронд манай бүс нутгийн ирээдүйн улс төр, эдийн засгийн харилцааг тодорхойлж болохуйц хоёр томоохон үйл явдал өрнөв. Эхнийх нь Хятад, Оросын засгийн газрын хэлэлцээрээр 2023 оны 6-р сарын 1-ээс эхлэн Владивостокийн боомтыг Хятад улс өөрийн дотоодын боомтоор ашиглахаар болж, Хятадын дотоодод тус боомтын нэрийг хуучин Манж Чин гүрний үеийн “Хайшэнвай” гэдгээр нэрлэх болсон үйл явдал юм.

Дараах нь Хятадын анхны нэгдсэн төрт улсын нийслэл байсан Ши Ан хотод “Хятад – Төв Азийн дээд хэмжээний уулзалт” болов. Уулзалтанд Хятадын дарга Ши Жиньпин, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркмений ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар оролцов. Энэхүү уулзалт нь Хятад улс 1991 оноос хойш анх удаа Оросгүйгээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудтай тусгайлан хуралдаж, төмөр зам, автозамын бүтээн байгуулалт, байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон явдал байлаа. Дээрх хоёр үйл явлыг олон улсын харилцааны үүднээс сийрүүлбэн бичвэл “Хятадууд Орос найзтайгаа баруун гараараа гар бариад, зүүн гараараа хацрыг нь алгадсан”-тай зүйрлэж болмоор ...

Хятадууд Төв Азийн таван улстай Оросгүйгээр харилцах болсны гол шалтгаан нь өмнө дурьдсан аж үйлдвэр, эрчим хүчний түүхий эдийн импортоо солонгоруулах эдийн засгийн бодлоготой нь шууд холбоотой.

Монгол Улсын Ерөнхий сайдын Хятадад хийх айлчлалын онцлог, хожлын хөзөр юу байж болох вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх хоёр дахь удаагийн айлчлал нь хэд хэдэн зүйлээрээ өмнөх айлчлалаас ялгаатай. Мөн давуу талтай гэж хэлэхүйц болно.

Нэгдүгээрт нийтлэлийн эхэнд дурдсанчлан энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Хятадад хийсэн хоёр айлчлалынхаа хүрээнд өмнөд хөршийн хоёр ч Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж байгаа нь улс төрийн утгаараа Монголд тогтвортой засаглал тогтсон гэдгийг Хятадын талд илтгэнэ. Олон улсын зүгээс манайхтай хамтран ажиллаж, томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд саад болдог үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь Монголын Засгийн газрын тогтворгүй байдал. Ямартаа ч энэ удаад Хятадын талаас ажил хэрэг ярьж болохуйц тогтвортой засгийн газрын тэргүүн Монголоос ирж байна гэсэн уур амьсгал зонхилно гэж таамаглаж байна.

Хоёрдугаарт Хятад улс нэгэнт Францтай хамтран атомын цахилгаан станц байгуулах нь тодорхой болж, Монгол Улс тэрхүү хоёр их гүрний хамтарсан цөмийн эрчим хүчний төслийн түүхий эдийг нийлүүлэгч гол улсаар тодорч байгаагаас Хятадын Монголд хандах хандлага илүү найрсаг байх нь мэдээж. Монгол Улс он удаан жил хүлээсний эцэст Хятадын эрчим хүч үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд бусдаар орлуулж болохгүй байр суурийг эзлэх гэж байгааг манай талаас Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд орох хүмүүс мартаж болохгүй.

Гуравдугаарт Хятадын эдийн засгийн экспорт, импортоо солонгоруулах бодлогын хүрээнд манайхаас худалдан авах уул уурхайн бүтээгдэхүүний импорт ирэх жилүүдэд бид хүссэн ч, эс хүссэн ч өснө. Хэрвээ манай засгийн газар Хятадын талтай харилцан ойлголцож чадвал зөвхөн нүүрсний экспортоо 3 дахин өсгөх боломж бодитоор бий. Үүнийг мартаж болохгүй.

Дөрөвдүгээрт Монгол Улсын Бурхны шашны сүм хийдийн зүгээс, XIV Далай ламтай хамтран АНУ-ын иргэн Х Богдоор тодруулсан гэх дуулианд Хятадын зарим албан тушаалтан дургүй буйг нуух аргагүй. Гэхдээ Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс үүнийг төрийн бодлого биш сүм хийдийн зүгээс тодруулсан алхам. Х Богд тодорсон үйл хэрэг нь Монголчууд Дарамсала дахь Төвдийн Бурхны шашны институцийн нөлөөнөөс гарч байгаа явдал гэдгийг эвээр ойлгуулсан гэдэгт найдаж байна. Харин Монголын олон нийтийн зүгээс энэхүү асуудлыг Ерөнхий сайдын айлчлалын үеэр цахим сүлжээнд дэвэргэн мэтгэлцэхгүй байхад л болно.

Тавдугаарт хоёр болон гурав дахь боломжийг ашиглан Монгол Улс хөгжиж чадах уу? үгүй юу? гэдэг нь энэ Засгийн газрын “Боомтын сэргэлтийн бодлого” амжилт олох эсэхээс ихээхэн шалтгаална. Иймд “Боомтын сэргэлтийн бодлого”-ыг гардан хэрэгжүүлэх Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомтын сайд Б.Тулга, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт нарыг хоёр талын хэлэлцээрт идэвхтэй оролцуулах шаардлагатай.

Хятадуудад бага чулуугаар их даланг сэтлэх гэсэн уран арга бий. Сийрүүлбэл 1,000 төгрөгийн наймаа ярьж байх агшинд танд 10 төгрөгийн гарын бэлэг өгөөд араас нь таны талд бүх талаар ашигтай 100 төгрөгийн наймаа санал болгодог. Энэ тохиолдолд ихэнх хүмүүс гарын бэлэг, жижиг наймааны ашганд хууртаад 1000 төгрөгийнхөө том наймааг мартдаг талтай.

Манайхан Хятадын засгийн газраас театр, спорт заал барих буцалтгүй тусламж гуйж яваад боомтуудаа сэргээх үндсэн бодлогоо мартахвий гэж эмээх бодол үе үе орж ирж буйг нуугаад яах вэ...