Зураг
Зураг
Индэр    
2022 оны 12 сарын 12
Зураг
"Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдан

Монгол – Хятадын эдийн засаг, худалдааны хэтийн төлөв

Зураг

-Хоёрдугаар хэсэг-

Монгол, Хятадын хөгжлийн хөтөлбөр, стратегийн зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлнэ

             БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд өмнөд хөршид хийсэн төрийн албан ёсны айлчлалын талаарх МОНЦАМЭ агентлаг, Хятадын Ардын өдрийн сонины албан мэдээнд дурдсанаар “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг "Даян дэлхийн хөгжлийн санаачилга"-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов гэжээ.

            Ингэхэд Монголчууд бид Хятадын “Бүс ба зам”, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Хоёр алхам” хөгжлийн стратеги зэргийн талаар хэр ихийг мэдэх билээ.

Монгол хэлээр эдгээр үгсээр хайлт хийвэл “Бүс ба зам”-ын талаар 2013 оноос хойш харилцан адилгүй нэр томьёогоор илэрхийлсэн нийтлэл, тэмдэглэл цөөн тоогоор олдох бол “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ын тухай 2021 оноос Монгол – Хятадын төрийн ба төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтуудыг сурвалжилсан Монголын хэвлэлийн мэдээнд анхлан бичжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмын үеэр Хятадын нийслэл Бээжин хотод хүрэлцэн очсон айлчлалын талаарх албан мэдээнд, энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын хамтарсан мэдэгдэлд орсон хэлбэрээр дурдсан байна. Мөн энэ оны наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн айлчлалын хэвлэлийн хурал дээр, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талын “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгоно гэж өгүүлжээ. Үргэлжлүүлэн аравдугаар сарын 16-ны өдөр нийтэлсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйн Монгол, Хятадын дилломат харилцаа тогтоосны 73 жилийн ойн илгээлт, аравдугаар сарын 27-ны өдөр болсон Монгол – Хятадын Засгийн газар хоорондын 17-р хуралдааны тэмдэглэлд бичсэнээс өөрөөр Хятадын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” гэж чухам ямар учиртай бодлого, төлөвлөгөө болох талаар нарийн мэдээлэл Монгол хэлээр алга байна.

            “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой холбон хэрэгжүүлэх “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилтын тухайд монгол бүү хэл англи хэл дээр ч мэдээлэл тун хомс. Хятад хэлээр Байду хайлтын системээс шүүвэл сая нэг юм “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилт гэдэг нь “Бүс ба зам”, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” хоёрыг нэгтгэсэн нэр томьёо болохыг мэдэж болно. Миний бие урьд дуулаагүй тус стратегийн зорилтын утгыг Байдугаас мэдсэнийхээ дараа л Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдлийн дагуу ирэх жилүүдэд манай улсын “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, Хятадын “Бүс ба Зам”, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” гэсэн хоёр хөтөлбөртэй уялдан хэрэгжих болсныг ухаж ойлгов. Ер аливаа мэдээ дамжуулагч нь гадаад хэл дээрх албаны үг хэллэгийг Монгол хүнд ойлгоход дөхөм байдлаар орчуулан буулгаж байвал зохилтой. Орчуулахад төвөгтэй төрийн бодлого, эдийн засгийн хөтөлбөрийн нэр томьёо таарвал манай сэтгүүлч, судлаач, олон улсын тоймчид үндсэн утгыг заавал дэлгэрүүлэн тайлбарлаж, жирийн Монгол хүний ой тойнд буутал хэлж, бичүүштэй. Үгийн төөрөгдлөөс нэрийн төөрөгдөл, нэрийн төөрөгдлөөс утгын төөрөгдөл үүсэж, цаашилбал хөгжлийн төөрөгдөл төрдөг учиртай гэж ахмад үеийн эрдэмтэн мэргэд сургасан нь бий. Иймийн учир Монголчууд бид бусад улсын манай улстай харилцахдаа ашиглаж буй нэр томьёо, дотоод гадаадад ашиглаж буй бодлогын тайлбар, олон улсад хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийнх нь үндсэн зорилго, стратегийн зорилтыг сайтар мэдүүштэй.

“Талын зам” үндэсний хөтөлбөр ба “Бүс ба Зам” санаачилга

зураг
 

            Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөр нь төмөр зам, авто зам, байгалийн хий, газрын тосны хоолой, эрчим хүчний шинэ шугам байгуулж Хятад, Оросыг холбох мега төслийг барьж бүтээхийн тулд манай Засгийн газраас баталсан хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн талаарх төсөөлөл 2013 оноос яригдаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар 2014 онд Монгол Улсад айлчилсан цагаас эхлэн Монголчуудад биеллээ олж болох юм гэсэн итгэлийг төрүүлж байв. Намайг БНХАУ-д суралцаж байх 2017 онд анх Засгийн газрын тогтоол гарч “Хөгжлийн зам” хөтөлбөр батлагдаж, 2019 онд “Талын зам” болон нэрээ өөрчилж байв. Монгол Улс газар зүйн байршлын давуу талаа ашиглан дэлхийн худалдааны томоохон оролцогч хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломж байгааг харгалзан, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжүүлж байгаа зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдтэй Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хөгжүүлэх үндсэн зорилготой. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил шинэ түвшинд хүрч, бүтээн байгуулалтын ажил эрчимжин ажлын байр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин сайжирч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Монголчууд тооцсон.

            Хятадын “Бүс ба Зам” санаачилга нь 2013 онд засгийн газраас нь баталсан дэлхийн шинэ дэд бүтцийн хөгжлийн стратеги юм. Уг стратеги нь Ши Жиньпиний гадаад бодлогын гол номлол төдийгүй Хятад улс өсөн нэмэгдэж буй хүч чадал, статусынхаа дагуу дэлхийн үйл хэрэгт илүү их манлайлах үүргийг гүйцэтгэх уриалгын илэрхийлэл гэж үздэг. “Бүс ба зам” санаачилгыг АНУ-ын Маршаллын төлөвлөгөөг хуулбарлан, түүнийг сөргүүлэн гаргаж ирсэн олон улсын шинэ хүчний төв үүсгэх бодлого гэж үзэх хүмүүс ч бий. Үүнийг батлах мэт Америк мөрөөдөл гэдэг албан бус хэллэгийг давтсан Хятад мөрөөдөл гэх ойлголтыг манай өмнөд хөршийн удирдагчид ард иргэдээ зоригжуулах үүднээс ярьж түгээдэг. 2022 оны 11-р сарын байдлаар “Бүс ба зам” санаачилгад 150 улс нэгдсэний нэг нь Монгол Улс юм.

“Бүс ба зам” санаачилга нь анх “Нэг бүс, нэг зам” гэсэн нэртэй байсан ч хоёр удаа давтагдах “нэг” гэдэг үг нь англи хэлт судлаачдын зүгээс ХХI зуунд Хятадууд “Хятад төвт, нэг туйлт” ертөнцийг бүтээх стратеги танилцуулж байна гэсэн шүүмжлэл гарсан тул 2015 онд уг санаачилгын нэрийг англи хэлээр “Belt and Road” болгон өөрчилсөн ч хятад хэлээр “一带一路” буюу “Нэг бүс, нэг зам” гэсэн нэршлээрээ үлдсэн түүхтэй.

Ши Жиньпин 2013 оны 09-р сард Казахстанд албан ёсны айлчлал хийх үеэрээ “Бүс ба зам” санаачилгын эх газарт хэрэгжих хэсгийг нь "Торгоны замын эдийн засгийн бүс" гэж нэрлэснээ тодотгон зарлаж байв. “Бүс ба Зам”-ын "Бүс" гэдэг нь "Торгоны замын эдийн засгийн бүс" гэсэн үгийн товчлол бөгөөд дорноос өрнийг чиглэсэн эртний “Торгоны зам”-ыг сэргээж далайд гарцгүй Төв Азиар дамжин өнгөрөх авто зам, төмөр замын шинэ дэд бүтцийг барьж байгуулах төслийн үндсэн нэршил юм. Харин "Зам" гэдэг нь "21-р зууны Далайн Торгоны зам" гэсэн үгийн товчлол ба Зүүн өмнөд Азиар дамжин Өмнөд Ази, Ойрх Дорнод, Африк, эцэстээ Венецийн зогсоол хүрэх Энэтхэг-Номхон далайн замыг хэлнэ.“Бүс ба Зам” санаачилгын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хүрээнд боомт, тэнгэр баганадсан барилга, төмөр зам, авто зам, гүүр, нисэх онгоцны буудал, далан, цахилгаан станцууд, төмөр замын хонгилыг санхүүжүүлдэг. Тус санаачилгыг 2018 онд Хятадын Үндсэн хуульд тусгасан. Энэ аварга төсөл нь БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор буюу 2049 онд дуусах зорилттой.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар “Бүс ба зам” нь 150 оролцогч орны худалдааны урсгалыг 4.1 хувиар нэмэгдүүлж, дэлхийн худалдааны зардлыг 1.1-2.2 хувиар бууруулж, Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын ДНБ-ийг дунджаар 2.6-3.9 хувиар өсгөх боломжтой гэж тооцоолжээ. Мөн 2040 он гэхэд дэлхийн ДНБ-ийг жилд 7.1 их наяд доллароор өсгөх магадлалтай гэнэ. “Бүс ба зам”-ыг дэмжигчид хөгжиж буй орнуудын ДНБ-ийг нэмэгдүүлэх мега төсөл гэж үздэг ч, нөгөө талд Хятад улсын зүгээс хөгжиж буй орнуудыг өрийн хавханд оруулж, эрх тэгш бус эдийн засгийн гэрээ байгуулан, шинэ зууны колонийн бодлого явуулж байна гэж шүүмжлэх хэсэг ч бий.

Ямартаа ч манай Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн төрийн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын хөрш хоёр орноо зам тээвэр, дэд бүтцийн шугамуудаар холбох зорилготой “Талын зам” хөтөлбөр, Хятадын “Бүс ба Зам” санаачилгын дэд төсөл болох “Торгоны замын эдийн засгийн бүс” стратегийн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хамрагдах боломжтой болжээ.

“Шинэ сэргэлтийн бодлого” ба “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”

 “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ыг 2020 оны 4-р сард Хятадын Боаогийн эдийн засгийн Азийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх дурдаж, тухайн оныхоо 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд цахимаар оролцохдоо олон улсын тавцанд зарласан. Хятадын зүгээс Ковид-19 цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хөгжиж буй орнуудад туслах, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт болох ядуурал, өлсгөлөнг арилгах, хүн бүрийг хямд үнээр цэвэр эрчим хүчээр хангах, тэгш бус байдлыг бууруулах, орчны бохирдлыг багасгах үйл хэргийг хэрэгжүүлэх үүднээс санаачилж буйгаа тодотгосон. Гэвч дээр дурдсан хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхдээ Хятад улс хөгжиж буй орнуудад яг яаж туслахаа тайлбарлаагүй, мөн хэр хэмжээний хөрөнгө оруулалт, нийгэм, дэд бүтцийн төсөл хаана барихаар төлөвлөснөө өнөөг хүртэл нарийн тодорхой мэдээлээгүй байна. Зөвхөн уг санаачилгын эхлэл болгож ядуу буурай орнуудад ковидтой тэмцэх, цар тахлаас ангижрахад нь зориулж 3 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх амлаад ажил хэрэг болгож эхэлсэн.

Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болох  "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тодорхойлохдоо төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлж, халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх хэмээн  Засгийн газраас мэдэгдсэн.  "Шинэ сэргэлтийн бодлого" дотроо эрчим хүчний сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, боомтын сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт гэх зургаан зорилтыг дэвшүүлсэн.

Айлчлалын хамтарсан мэдэгдэлд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт дэд зорилтод тусгасан Монгол, Хятад, Орос гурван улсыг холбох эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх, төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэх, экспортын нүүрс тээвэрлэх төмөр зам, авто замыг сүлжээг ашиглалтад оруулах, Эрчим хүчний сэргэлт дэд зорилтод бичсэн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих асуудлыг оруулжээ.

Эдгээрээс эдийн засгийн коридор байгуулах, Хиагтаас – Эрээн хүртэлх Транс Монголын төмөр замыг шинэчлэх, нүүрс тээврийн сүлжээг өргөтгөн шинэ төмөр зам, авто зам барих асуудлууд нь Монгол Улсын Засгийн Газрын “Талын зам” үндэсний хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн аль алинд нь давхардаж орсон зорилт бөгөөд Хятадын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” гэхээсээ илүү өмнө нь хэрэгжиж эхэлсэн “Бүс ба зам” санаачилгын “Торгоны замын эдийн бүс”-ийн санхүүжилтээр хэрэгжих боломжтой төслүүд юм. Гэхдээ Монгол Улсын барьж ашиглалтад оруулсан, одоогоор бүтээн байгуулалт нь хийж буй нүүрсний экспортын шинэ гарц болох учиртай төмөр замын төслүүдийн хувьд Хятадын төмөр замын сүлжээтэй холбоход хэд хэдэн хүндрэлтэй асуудал үүссэн. Үүнд олон жил ярьсан царигийн зөрүүнээс гадна, далангийн өндөр зөрсөн, төмөр замууд холбогдох цэгийг одоог хүртэл бүрэн эцэслэн тохироогүй, нүүрс тэргүүтэй уул уурхайн түүхий эдийг шилжүүлэн ачих ложистикийн цогцолбор барьж байгуулах ажлын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдээгүй зэрэг асуудлууд байгааг манай тал мартаж болохгүй.

Харин хамтарсан мэдэгдэлд орсон ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн тухайд Монголын хэвлэлээр хий худалдан авагч тал гарын үсэг зурж баталгаажуулснаар ойрын хугацаанд төсөл хэрэгжиж эхэлнэ гэж мэдээлж байгаа ч манай Ерөнхийлөгчийн айлчлалын талаар бичсэн Хятадын төрийн мэдлийн мэдээллийн агентлагууд дээрх мэдээг тодотгон мэдээлээгүй. Магадгүй өдөр ирэх тусам олон улсын тавцанд ганцаардаж, хөрш орнуудтайгаа улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хумигдаж буй Оросын талын гуйлт эсвэл Хятадууд Оросуудад дайны үед сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүднээс протоколд оруулсан байж ч мэднэ.

Орос, Украины дайнтай холбоотойгоор Монголын олон нийтийн дунд талцал үүсгээд буй хийн хоолой барьж байгуулах төслийн тухайд өнөөгийн нөхцөлд худалдан авагч Хятадын тал 100 хувь бүтээн байгуулалтын зардлыг гаргаагүй тохиолдолд төсөл бүрэн хэрэгжих техник, эдийн засгийн бодит боломж харьцангуй бага. Магадгүй Монгол, Хятад, Орос гурван улсын удирдагчид уулзах бүрдээ мэнд мэдсэнийхээ араас бие биедээ эелдгээр сануулан хэлж яриагаа эхэлдэг цаасан дээрх олон төслийн нэг болохыг ч үгүйсгэх аргагүй.

Товч өгүүлэхэд утга санаа нь давхардсан хоёр улсын тус бүр гурав, нийлээд зургаан хөтөлбөр, стратегийн зорилтыг хооронд нь уялдуулан хэрэгжүүлнэ гэх үгс нь эдийн засаг, худалдааны гэхээсээ илүү яруу найраглаг хэллэг шиг сэтгэгдэл төрүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын баталсан олон хөтөлбөрүүдийн үндсэн агуулга нь 2 хөршөө холбох тээврийн сүлжээ, дэд бүтцийг шинээр байгуулах, Монголоос Хятадтай шууд холбогдох авто зам, төмөр замын олон гарцтай болох л зорилготой.

Хамтарсан мэдэгдэлд Хятадын дэлхий нийтэд зарласан бүх стратеги, тэдгээрийн нийлмэл нэрийг,  Монголын бүх бодлогын баримт бичигтэй толгой холбон уялдуулна гэсэн нь төдийлөн ач холбогдолгүй зүйл болжээ. Ингэх нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны зорилтыг нарийвчлан тохирох байсныг хэт ерөнхийлсөн сул талтай. Шулуухан хэлэхэд Шинэ сэргэлтийн бодлого, Талын зам хөтөлбөрт туссан хөрш орнуудыг холбох төслүүдийг “Бүс ба зам”-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” зорилтоос санхүүжүүлэх л тодорхой гарц бий. Тэрнээс Хятадын “Бүс ба зам”, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Хоёр алхам” стратегийн зорилт зэрэг нь бүхлээрээ манайд төдийлөн хамаарахгүй. Тэгээд ч эдгээр зорилтуудын талаар уншиж судалсан, бүрэн дүүрэн ойлголттой шийдвэр гаргагч Монгол Улсад бий эсэхэд миний зүгээс эргэлзэж байна.

Дутуу ярьсан “Тэрбум мод” төсөл

            ХКН-ын 20-р их хурал дээр Ши Жиньпиний тавьсан илтгэл нь үндсэндээ Хятадын онцлогтой социализмын улс төрийн үзэл санааг тодотгох, эдийн засгийн хувьд гурван тулгуурт бодлогоос хоёр тулгуурт бодлого руу шилжих, нийгэмд үүссэн дөрвөн зөрүүг арилгах, байгаль орчинд ээлтэй ногоон бодлого баримтлах гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байв. “Бүс ба зам” -ыг залган Ши Жиньпиний засгийн эрх барих хоёр дахь 10 жилийн гадаад бодлогын гол стратеги болох “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ыг шинжлэхэд ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мод тарих, цөлжилтөөс сэргийлэх асуудал Хятадын гадаад харилцааны тэргүүн зэргийн зарчмуудын нэгээр тодроод байгаа.

            Энэ цаг үетэй давхцаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо “Тэрбум мод” тарьж дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ НҮБ-ын индрээс мэдэгдсэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухайд Монгол Улсад цаазын ялыг халах бодлого хэрэгжүүлж гадаад ертөнцөд танигдсан. Өдгөө түүнийг хилийн чанадад 1990-ээд эхэн үед коммунизмын эсрэг тэмцсэн Монголын ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг гэхээс илүү цаазын ялыг үгүй хийхийн төлөөх олон улсын улс төрийн зүтгэлтэн гэдгээр нь мэдэх болжээ. Эдүгээгийн Ерөнхийлөгч ч бас ирээдүйд дэлхий дахинд Азийн ногоон хөдөлгөөний манлайлагч гэсэн дүр төрхөөр, Монголын олон нийтэд танигдсанаасаа огт өөрөөр үнэлэгдэх бүрэн боломжтой санаачилга гаргасан нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятад дахь төрийн албан ёсны айлчлалын хамтарсан мэдэгдэлд түүний санаачилсан "Тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжин Хятад улс Монголд судалгааны төв байгуулж өгөхөөр тохиролцжээ. Хоёр улс тохиролцсоны дагуу БНХАУ-ын талаас Хятадын үндэсний ойн аж ахуйн газар, манай талаас БОАЖЯ тус тус төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон нь дэмжүүштэй тохиролцоо. Гэхдээ судлаач миний үзэхэд “Тэрбум мод” тарих ажлыг хэрэгжүүлэхдээ Хятадын талын оролцогчоор Ордосыг ногооруулсан Элион групп гэх мэт ойжуулалтын арвин туршлагатай төрийн өмчийн оролцоотой компанийг, Монголын талаас БОАЖЯ зөвхөн төрийн хяналтын үүргээ биелүүлж, зөвлөн туслах байдлаар оролцож мод гардан тарих ажлыг мэргэжлийн мод үржүүлж тарьдаг хувийн хэвшлийн төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, итгэл хүлээлгээсэй гэж хүснэ.

Эцэст нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонд хятадын тал баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Хятад улсад суралцаж, монголчуудын Хятад ба АСЕАН-ы орнуудын эдийн засаг, худалдааны зах зээлд нэвтрэх гарцыг эрэлхийлдэг судлаачийн хувьд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ, Япон улсуудад хийсэн цуврал айлчлалын зөвхөн Хятад дахь айлчлалыг онцлон хоёр бүлэг богино нийтлэл бичлээ.

Ирэх өдрүүдэд Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалын талаар Монгол хүний өнцгөөс дүгнэн бичсэн нийтлэл, бичвэрийг Японд төгсөгчид болон тус улстай холбоотой ажил бизнес эрхэлдэг, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг, Монгол – Японы гүүр болсон эрдэмтэн судлаачдаас хүлээж буйгаа нуух юун.