Зураг
Зураг
Индэр    
2023 оны 11 сарын 10
Зураг
"Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдан
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Монгол, Хятад хоёр улс 3,000 гаруй жил хөршилсөн ч бизнесийн харилцаанд нэгнийгээ танин мэдээгүй байна"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёр ба түүнээс дээш улс худалдаа, бизнес хийх, хамтын ажиллагаагаа авч явахад гурван тулгуурт ойлголт хамгийн чухал байдгийг судлаач Б.Дашравдан онцолж байна.

Эдгээр нь

  • Бие биеэ танин мэдэх үйл явц буюу судалгаа шинжилгээ. Үүнийг эдийн засгийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа гэж тодорхойлж болно.
  • Улс төрийн хамтын ажиллагаа. Хоёр улс дипломат харилцаа тогтоосон, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан бол маш сайн.
  • Пүүсүүдийн хамтын ажиллагаа буюу бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа юм.

Монгол, Хятадын харилцааг харахад бизнесийнхээс илүү улс төрийн харилцаа нь сайн хөгжсөн байна. Тухайлбал өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч, энэ оны зургаадугаар сард Ерөнхий сайд БНХАУ-д айлчилсан. Эдгээр айлчлалын хүрээнд "Талын зам" хөтөлбөрийг "Бүс ба зам" санаачилгатай, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг "Даян дэлхийн хөгжлийн санаачилга"-тай, "Алсын хараа" хөтөлбөрийг Хятадын "Хоёр алхамт стратеги"-тай холбохоор болсон юм.

Гэхдээ Засгийн газрын түвшинд бодлогуудаа нэгтгэхээр зарлаад байгаа ч олон улсын худалдааны салбарт хоёр улс бие биеэ танин мэдэх үйл явц маш бага байгааг судлаач Б.Дашравдан цохон тэмдэглэсэн. 

Учир нь "Бүс ба зам" санаачилга зөвхөн зам барьж байгуулах тухай ойлголт биш бөгөөд эдийн засаг, дэд бүтэц, соёл хүмүүнлэгийн том төсөл гэв. Манай улсад уг төслийн хүрээнд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Налайхын зам, Буянт-Ухаа цогцолбор гэхчлэн олон бүтээн байгуулалт хийгдсэн ч монголчууд төдийлөн мэдээгүйг тэрбээр хэлж байв.

Судлаач Б.Дашравдан "Уг санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд AIIB буюу Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк гэж 2014 онд байгуулсан. Энэ банканд анх манай улс 41.5 сая ам.доллар оруулж, гишүүнээр элссэн. Мэдээж хэрэг олон банкнаас төслийн санхүүжилт гардаг ч ерөнхий механизмыг нь монголчууд мэдэхгүй байна. Энэ нь бид эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын явцад Хятадыг танин мэдэх үйл явц маш багатайг илтгэнэ.

Хятадын тал ч мөн Монголын эдийн засгийн орчин, хууль, дүрэм журмын талаарх мэдлэг тун хомс. Хатуухан хэлэхэд Өмнөд Монгол орчуулагчтай ирэхэд тэр нь Хятаддаа дээд боловсрол эзэмшээгүй, Бээжингээс урагш явж бизнес хийж үзээгүй зэргээс шалтгаалж, хятад хэл тааруу, энд ирэхэд халх аялга давамгайлсан хэлний орчинд төөрч будилах асуудал гардаг.

Ингэхээр хоёр талаасаа 3,000 гаруй жил бид хөршилсөн боловч орчин үеийн бизнесийн харилцаан дээр ирэхээр бие биеэ мэддэггүй. Улс төрийн харилцаа сайтай ч эдийн засгийн шинжлэх ухааны хамтын ажиллагаанд бие биеэ таних мэдэх нь бага байхаар бизнесийн хамтын ажиллагаа доголдож эхэлдэг.

Хоёр улсын худалдааг харвал манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн гаргаж, буцаад уул уурхайн бус бүтээгдэхүүн импортолж авдаг ийм л харилцаа явсаар байна.

Би Жөжяны Үйлдвэр худалдааны их сургуулийг Худалдааны мэргэжлээр төгссөн. Багш нар маань хоёр зарчмыг зайлшгүй мөрд гэж захидаг байв. 

  1. Чи худалдааны ажил, судалгаа хийж байгаа бол харилцагчаасаа хүндрэлээ үл нуу гэх эхний зарчим. Ямар ч асуудал гарч болно, түүнийг цаг тухайд нь харилцагчдаа заавал хэл. 
  2. Бизнес олон үе шаттай. Тэр бүрээс ашиг олдоггүй байж болох тул яг аль шатнаас нь ашиг олж байгаа вэ гэдгээ харилцагчдаа хэлж, гэрээндээ тусгах.

Яг үнэндээ одоо үед хоёр улсын хооронд хийгдэж байгаа дийлэнх бизнесийг харахад энэ хоёрыг огт мөрддөггүй.

Манай бизнесийнхэн Эрээн, Хөх хот, Бээжинд очоод сайхан хүлээн авалтуудад оролцоод, бизнесүүдийг зуучилдаг. Тэд ихэвчлэн НӨАТ-ын буцаалт, ядууралтай тэмцэх бүс нутгаас худалдан авалт хийсэн тохиолдолд олгодог урамшууллаас нь ашгаа олоод байдаг. Эсвэл үйлдвэртэйгээ шууд харилцаж, үнийг нь нэмэх байдлаар бонус авч, ашгаа олдог.

Зууч, зөвлөх бол худалдааны салбарт заавал байх хэрэгтэй. Гэхдээ аль мөчлөгөөс нь ашгаа олж байгаагаа заавал хэлэх ёстой. Гэнэтхэн л үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн доголдолтой, үнэтэй эсвэл тээврийн явцад алдаа гарч, доголдол үүсэхэд буруутан нь олддоггүй. Энэ бол харилцагчаасаа хүндрэлээ нууж явсаар байгаад эцсийн дүндээ бизнесийн утга учир алдагдаж, дараа дараагийн харилцаа байхгүй болж буйн жишээ" хэмээв.

2023 оны арваннэгдүгээр сарын 11-нд "Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлөөс "Худалдаачин үндэстэн" форумыг анх удаа зохион байгуулна. Үүнд Монголын 111 байгууллага, гурван монгол судлаач, Хятадын талаас мөн гурван судлаач профессор уригджээ.

ВИДЕО:

Танд бичлэг харагдахгүй байвал энд дарж үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=i8u7-6c1yeA