АНУ-ын Нью Мексико муж дахь Эпштейн агсны эдлэнгээс мөрдөгчид нууц булш хайх ажил эхэлжээ
АНУ-ын Нью Мексико мужийн эрх баригчид Даваа гарагт тус мужийн нутагт оршдог Эпштейн агсны эдлэн газрыг шалгаж эхэлжээ.
Нэгдүгээр сард АНУ-ын хууль зүйн яамнаас ил болгосон Эпштейний хэргийн баримтууд дотор энэ газрын ойролцоо толгодод Эпштейний өгсөн зааврын дагуу хоёр гадаад эмэгтэйн цогцсыг булсан байж магадгүй тухай мэдээлэл багтсан юм.
Ардчилсан Намаас сонгогдсон мужийн удирдлага уг мэдээллийн мөрөөр шалгах ажлыг санаачлан эхлүүлжээ. Өнгөрсөн сард мужийн ерөнхий прокурор Раул Торрес мужийн төв Санта Фе хотоос өмнө зүгт 48 км зайд оршдог уг эдлэнд гарсан байж болзошгүй гэмт хэргийн мөрдлөгийг дахин эхлүүлэх шийдвэр гаргасан юм.
Нью Мексико мужийн эрх баригчид өмнө нь эдлэнг шалгаж байсан ч холбооны засгийн газрын хүсэлтээр 2019 онд зогсоож, хэргийг хааж байжээ.
Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсан 2019 онд нас барахаасаа өмнө уг эдлэнг 26 жилийн турш эзэмшиж байсан юм.
Өнгөрсөн сард Нью Мексико уг эдлэнд хууль бус үйл ажиллагаа явуулах боломжийг Эпштейн агсанд олгосон албан тушаалтнуудыг шалгах “үнэнийг тогтоох комисс” байгуулсан АНУ-ын анхны муж болж байв.
Эпштейний өв залгамжлагчид уг эдлэнг 2023 онд Техасын бизнесмэн Дон Хаффинст зарсан юм байна. Тэрбээр авсан эдлэндээ "Сан Рафаэл Ранч" гэх нэрийг өгчээ.
Эдлэнгийн шинэ эзэн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, нэвтрэх зөвшөөрөл өгснийг албаныхан мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
