Төрийн дундаж албан хаагч 0-5 жилийн ажлын туршлагатай, бакалаврын боловсролтой, 39 настай
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс гаргасан төрийн албан хаагчдын нэгдсэн тоон мэдээллүүд дээр үндэслэж дундаж төрийн албан хаагчийн дүр төрхийг гаргав.
Монгол Улсын нийт 3,544,835 иргэнээс 266,895 нь төрийн албанд ажиллаж байна. Энэ нийт хүн амын 6.4 хувь юм.
Нийт төрийн албан хаагчдын 64,31% нь эмэгтэй байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан буюу хүйсийн 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдал төрийн албаны ангилал бүрд алдагдсан байгаа аж.
Төрийн улс төр, тусгай салбарт эрэгтэйчүүд давамгай байгаа бол захиргаа болон үйлчилгээнд эмэгтэйчүүд давамгай байна. Энэ нь төрийн албанд хүйсийн тэнцвэр алдагдаж, салбар бүрд нэг хүйс илт давамгайлж байгааг илтгэнэ.
Төрийн алба харьцангуй залуу, идэвхтэй насныхнаар бүрдэж байгаа ба 2012 оноос хойш төрийн албан хаагчийн дундаж нас 38-40-ийн хооронд хэлбэлзжээ. 2024 оны байдлаар төрийн албан хаагчийн дундаж нас 39 байна.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ (насны бүлэг)
Албан хаагчдын дийлэнх нь 25-45 насны буюу хөдөлмөрийн ид үеийнхэн байна. Харин туршлагатай ахмад ажилтны эзлэх хувь бага байна.
Тодруулбал төрийн албан хаагчдын 8.4% нь 24 хүртэлх насны бүлэгт, 29.7% нь 25-34 насны бүлэгт, 29.7% нь 35-45 насны бүлэгт хамаарч байгаа ба дийлэнх нь залуу, ид насныхан байгаа бол 27.7% нь 45-59 насны, 1.8% нь 60 ба түүнээс дээш насны албан хаагч байна.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ (боловсролын түвшин)
Нийт төрийн албан хаагчийн 4.7% нь суурь, түүнээс доош боловсролтой, 14.8% бүрэн дунд, 8.4% нь мэргэжлийн болон техникийн, 72.2% нь дипломын дээдээс дээш боловсролтой байна.
Төрийн албанд 0-5 жил ажилласан албан хаагчийг төрийн албаны ангиллын хувьд авч үзвэл, улс төрийн албан хаагчдын 57.2%-ийг, төрийн захиргааны албан хаагчийн 25.1%-ийг, төрийн тусгай албан хаагчийн 35.0%-ийг, төрийн үйлчилгээний албан хаагчийн 36.2%-ийг эзэлж байна.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ (төрийн албаны ангилал, ажилласан жил)
Ажилласан жилийн бүтцээр харвал шинэ ажилтнуудын эзлэх хувь өндөр байна. Нийт албан хаагчдын 35.2 хувь нь 0-5 жил ажилласан бөгөөд ялангуяа улс төрийн албанд шинээр орсон хүмүүсийн хувь өндөр байна.
Нийт төрийн албан хаагчийн 35.2%-ийг 0-5 жил, 19.9%-ийг 6-10 жил, 16.3%-ийг 11-15 жил, 12.4%-ийг 16-20 жил, 7.3%-ийг 21-25 жил, 4.7%-ийг 26-30 жил, 2.9%-ийг 31-35 жил, 1.4%-ийг 36 ба түүнээс дээш жил төрийн албанд ажилласан албан хаагч бүрдүүлж байна.
2025 оны байдлаар төрийн 4,330 байгууллагын албан хаагчдын хамгийн их буюу 52.7% нь Улаанбаатар хотод, хамгийн бага буюу 0.6% нь Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
Ерөнхийдөө төрийн алба нь боловсролтой, залуу хүний нөөцөд түшиглэж байгаа ч хүйсийн тэнцвэр, туршлагатай ажилтны эзлэх хувь, хүний нөөцийн тогтворжилт зэрэг асуудлууд ажиглагдаж байна.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас энэ онд хийсэн Төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийн судалгаанд төрийн албан хаагчдын сэтгэл ханамжид хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс нь цалин хөлс, урамшууллын тогтолцоо, ажлын ачаалал, үнэлгээ, удирдлагын арга барил, байгууллагын соёл зэрэг байжээ.
Ялангуяа ажлын ачаалал болон цалин, урамшууллын уялдаа хангалтгүй байгаа нь сэтгэл ханамж буурахад голлон нөлөөлж байна гэж үзсэн байна. Мөн үнэлгээний ил тод, шударга байдал, ажил, албан тушаалын өсөлт, хөгжлийн боломж хангалтгүй байгаа нь ажилтнуудын урам зориг, идэвх санаачилгад сөргөөр нөлөөлж болзошгүй байна гэжээ. Төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь зөвхөн байгууллагын дотоод асуудал бус, төрийн бүтээмж, үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамжид шууд нөлөөлөх чухал ач холбогдолтойг онцолсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
