ОНХС-гийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд иргэдийн саналыг авч байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2027 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн(ОНХС) санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авч эхэллээ.

Санал авах хугацаа 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Иргэд дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. 

  • www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс
  • "ОНХС" аппликэйшнийг гар утсандаа суулгаад цахим санал илгээх,
  • www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэсээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"
  • Е-Mongolia аппликэйшний "Үйлчилгээнүүд" цэсээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

Иргэн санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой. Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно. 

ОНХС нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд  2013 оноос хэрэгжиж эхэлсэн.

Сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс