Монгол охид Европын математикийн олимпиадад хамгийн өндөр амжилтаа үзүүлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
26 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Олимпиадаас мөнгөн медаль хүртсэн Т.Жавхланзаяа

Францын Бордо хотод энэ сарын 9-нөөс 15-ныг дуустал Европын охидын XV олимпиад болсон юм. Нийт 67 орны 266 охин ур ухаанаа уралдуулсан олимпиадад Монголын баг түүхэн амжилт гаргажээ.

Хамгийн анх 2012 онд Их Британид зохион байгуулагдаж байсан тус олимпиадад монгол охид 2018 онд анх мөрөө гаргахдаа багийн дүнгээр 15 дугаар байранд орсон нь оргил амжилт байв. Үүнээс хойш сүүлийн таван жил дараалан оролцож, хоёр мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ.

Тэгвэл энэ жил багийн дүнгээр хоёр мөнгө, нэг хүрэл медаль зүүв. Тухайлбал 

Мөнгөн медаль

  • Төрмөнхийн Жавхланзаяа - 22 оноо (Баянхонгор аймаг, Төгс Алгоритм сургууль),
  • Мөнхбаярын Амин-Эрдэнэ - 20 оноо (Шинэ-Үе сургууль),

Хүрэл медаль

  • Алтангэрэлийн Ану - 16 оноо (Нийслэлийн Ерөнхий Боловсролын 11 дүгээр сургууль),

Тусгай байр

  • Наранбаатарын Болор - 9 оноо (Эрдмийн хишиг сургууль) нар эзэлжээ.

Багийн ахлагчаар МУИС-ийн математикийн тэнхимийн багш Т.Хулан, дэд ахлагчаар С.Цогзолмаа, Б.Батбаясгалан нар ажиллажээ. Улмаар Монголын баг нийлбэр дүнгээр 13 дугаар байр эзэлсэн нь урьд хожид үзүүлээгүй өндөр амжилт болов. 

Энэ удаагийн олимпиадад нийт хоёр өдрийн турш тус бүр гурван бодлого, өдөрт 4:30 цагт бодох бөгөөд бодлого тус бүрээс долоон оноо авах боломжтой. Тэгвэл мөнгөн медаль авсан Т.Жавхланзаяа 22 оноо авсан нь монголчуудын хувьд хувийн дүнгээр үзүүлсэн дээд амжилт болов. Улсын сонгон шалгаруулалтад дөрөвдүгээрт жагссан Баянхонгор нутгийн охин алтан медаль авахад нэг оноо дутсан юм.

Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ) дөрвөн өдөр үргэлжилсэн хоёр шатны шалгаруулалтаар өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр шигшээ багаа бүрдүүлээд таван долоо хоногийн турш нэгдсэн цугларалтад бэлтгэлээ базаажээ.

Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан охид улсын олимпиадаас бүгд медаль хүртсэн юм. 

зураг
 

Багийн дүнгээр БНХАУ-ын охид тэргүүлсэн юм. Тэднээс Лоу Хуаи Жин бүх бодлогыг бодсоноор 42 оноогоор бусдыгаа манлайлжээ. 

Сонирхуулахад Францын багаас Батсайханы Аминаа оролцсон юм. Тэрбээр есөн оноо авснаар тусгай байр эзэлжээ. Франц Улс зохион байгуулагч орны давуу эрхээ эдэлж хоёр баг оролцуулсан бөгөөд Б.Аминаа "B" багаас нь оролцжээ.

Эхний өдрийн бодлого

https://www.egmo.org/egmos/egmo15/paper-day1-Mongolian.pdf

Хоёр дахь өдрийн бодлого

https://www.egmo.org/egmos/egmo15/paper-day2-Mongolian.pdf