Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчдын бүтээлүүдийг дуудлагаар худалддаг болно

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн урлан бүтээх төв нь Улаанбаатар хотын хамгийн эртний, 70 гаруй жилийн түүхтэй барилгуудын нэг бөгөөд сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал олгох зорилготой дугуйлангуудыг хичээллүүлдэг байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийнхээ хажуугаар долоо хоногт 2-3 удаа урландаа ирж суралцдаг аж.

Энэ тухай Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар манай төвд ирж суралцдаг. Энэ жил 19 төрлийн 24 дугуйланд 2,000 гаруй хүүхэд хамрагдан өөрсдийгөө хөгжүүлж байна. Манай төв нь Монгол Улсад үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг цорын ганц томоохон урлан гэдгээрээ онцлог.

Сурагчид уран зураг, уран баримал, уран сийлбэр, сүрлэн болон шүрэн урлал, ахуйн дизайн зэрэг 24 чиглэлээр суралцдаг. Анхан шатаа төгсөөд ахисан шат руу дэвшин илүү нарийн бүтээлүүд хийж сурдаг. Мөн бүх дугуйланд зураг зүйн суурь олгодог тул хүүхдүүдийн гарын ур дүй, анхаарал төвлөрөл сайжирч, дэлгэцийн хамаарлаас холдож чаддаг” гэлээ. 

Тус төвийн багш, сурагчдын хамтран хийсэн бүтээлүүдийг нийслэлийн захиргаандаа худалдан авч, тохижуулж, урлан бүтээх төвийн сан хөмрөгийг шинэчлэхээр төлөвлөсөн байна.

Харин сурагчдын урласан бүтээлийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж, олсон орлогоор сурагчдад шаардлагатай компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжийг авч өгөх боломжийг НЗДТГ-аас судлахаар болжээ.