Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр есөн сарын дараа шүүхийн танхимд царай царайгаа харалцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2026 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улс орондоо цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэргээр хоригдож буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл есөн сар уулзаагүй гэргийтэйгээ өчигдөр шүүхийн танхимд царай царайгаа харалцжээ.

Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард баривчлагдсанаасаа хойш гэргийтэйгээ ганц ч удаа уулзаагүй байсан юм. Тэргүүн хатагтай асан Ким Кон Хи бас өнгөрсөн оны наймдугаар сард авлига, албан тушаалын зэрэг хэд хэдэн хэргээр баривчлагдаж байв.

2022 оны гуравдугаар сард Юн Сүк Ёл олон нийтийн дунд явуулсан санал асуулгын үр дүнг бусдаас үнэ төлбөргүй авч, улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн хэргийн шүүх хурал өчигдөр Сөүл хотын шүүхийн танхимд болсон юм.

Уг хуралд тэргүүн хатагтай асан гэрчээр дуудагджээ.

Ким Кон Хи энэ үеэр тусгай прокурорын багийн тавьсан 40 гаруй асуултад 30 минутын турш хариулаад шүүхийн танхимаас гарсан байна.

Энэ мэдүүлгийн ихэнх хугацаанд Юн Сүк Ёл гэргийгээсээ харцаа салгаж чадахгүй байсныг тэнд байсан гэрчүүд мэдээлжээ. Сүүлд тэргүүн хатагтай асныг суудлаасаа босож, танхимаас гарахад тэр инээмсэглэн толгой дохисон байна.

Ерөнхийлөгч асан 270 сая воны ($183,000) үнэтэй санал асуулгын үр дүнг төлбөргүй хүлээж авсныхаа хариуд Ард Түмний Хүч Намын гишүүн Ким Юн Сунд 2022 оны зургаадугаар сард болсон парламентын нэмэлт сонгуульд нэр дэвших боломж олгосон хэрэгт буруутгагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News