"Нарантуул захаас 10 дугаар хороолол хүртэлх Нарны замыг иж бүрэн шинэчлэх ажлыг энэ жил эхлүүлнэ"
Нийслэл хотод явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар солих ажил энэ сараас үргэлжилж буй. Эдгээр нь өнгөрсөн жилийн урагш муутай гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл юм.
Харин шинээр Нарны гүүрнээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг бүхэлд нь шинэчлэхээр болжээ. Ингэхдээ ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийж, явган хүний хөтөчтэй хавтангаар шинэчлэх гэнэ.
Түүнчлэн Сөүлийн гудамжны явган хүний зам, гадна тохижилтыг шинэчлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас Нарантуул захаас 10 дугаар хороолол хүртэлх Нарны замыг иж бүрэн шинэчлэх ажлын зураг, төсвийг боловсруулж байгаа. Тус ажлыг энэ жил эхлүүлнэ гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар өнгөрсөн жил орхисон Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх, Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд, КТМС-ийн уулзвар өнгөрөөд Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талын, Яармагийн гүүрний зүүн үзүүрээс “АПУ” ХК-ийн уулзвар хүртэл замын хойд талын, “АПУ” ХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын баруун талын, “АПУ” ХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын зүүн талын явган хүний замын хавтанг сольж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
