Италийн ерөнхий сайд ямар хүн болохыг өнөөдрийг хүртэл таниагүй явснаа Трамп гомдоллон ярьжээ
Европ тив дэх хамгийн ойрын холбоотон нь байсан Италийн ерөнхий сайд Жоржа Мелонигийн талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гомдоллон ярьжээ.
Мелони нь Трампын хүчтэй дэмжигч байсан ч түүний Ираны эсрэг явуулж буй дайныг эрс эсэргүүцэх болсон юм.
Бас Даваа гарагт Ромын пап руу хэл амаар дайрч давшилсан Трампын үйлдлийг тэр “хүлээн зөвшөөрөх аргагүй” хэмээн шүүмжилж байв.
Мягмар гарагт Италийн Corriere della Sera сонинд ярихдаа Трамп ерөнхий сайд хатагтайг “миний бодож байснаас тэс өөр хүн байсан байна” гээд Ормузын хоолойг нээхэд туслаагүйд нь урам хугарснаа илэрхийлжээ.
“Тэр намайг гайхшируулсан. Би түүнийг зоригтой хүн гэж боддог байлаа. Би буруу бодож байжээ” гэж Трамп энэ талаар ярьсан байна.
Цагаан ордноос тодруулахад Трампын ярьсан зүйлд тайлбар өгөхөөс татгалзжээ. Италийн ерөнхий сайдын хэвлэлийн алба ч бас энэ талаар байр суурь илэрхийлээгүй байна.
2025 оны нэгдүгээр сард Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөхөд Европоос цорын ганц удирдагч уригдсан нь Мелони байсан юм.
Дөнгөж өнгөрсөн сард Трамп хэвлэлд ярихдаа Мелонийг “аугаа удирдагч” хэмээн магтаж байлаа.
Италийн ерөнхий сайдын Пап Леог өмөөрсөн мэдэгдлийнх нь талаар асуухад Трамп “Италийг ердөө хоёрхон минутын дотор устгах цөмийн зэвсэг Иран улс бүтээж байгааг тэр тоохгүй байна” хэмээн шүүмжилжээ.
Мелони өөрийнхөө дотоод болон гадаад байр суурийг бэхжүүлэхэд Трамптай үүсгэсэн харилцаа нь хэрэг болно гэж эхэн үедээ үзэж байсан байх магадлалтай.
Гэвч сүүлийн үед энэ харилцаа нь түүний улс төрийн үүрэг хариуцлагад эрсдэл учруулах болсон юм.
Италичуудын 66 орчим хувь АНУ-ын ерөнхийлөгчийн талаар сөрөг бодолтой явдаг нь сүүлийн үеийн судалгаанаас харагдсан. Бас өнгөрсөн сард Мелони хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан ч иргэдээсээ дэмжлэг авч чадаагүй нь түүний Цагаан ордонтой ойр харилцаатай байснаас болсон байж магадгүй гэгдэж байгаа.
Ираны дайн газрын тос, байгалийн хийн импортоос ихээхэн хамааралтай Итали улсад эрчим хүчний хямрал үүсгэсэн юм.
“Тэд (Итали) дэлхий дээр хамгийн өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэдэг ч Ормузын хоолойг нээхийн төлөө тэмцэхээс цааргалж байна. Тэд үүнийг Дональд Трампаар хийлгэхийг хүсэж байна” гэж Трамп өчигдрийн ярилцлагадаа Мелонийг шүүмжилжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
