Оросын цэргийн байрлалыг анх удаа зөвхөн нисгэгчгүй онгоц, робот ашиглан эзэлснээ Украины ерөнхийлөгч зарлав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины зэвсэгт хүчин анх удаагаа Оросын цэргийн байрлалыг зөвхөн нисгэгчгүй онгоц, газрын тээврийн жолоочгүй хэрэгсэл ашиглан эзэлснийг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр зарлажээ.

“Энэ дайны түүхэнд анх удаа дайсны байрлалыг зөвхөн робот удирдлагатай платформууд болох нисгэгчгүй онгоцнууд, газрын тээврийн системүүд ашиглан эзэллээ” гэж тэр хэлээд уг ажиллагааны үеэр тодорхойгүй тооны Оросын цэргүүд бууж өгснийг нэмж мэдээлсэн байна.

Тэрбээр цааш нь “Энэхүү ажиллагааг манай тал явган цэрэггүйгээр, ямар ч хохиролгүйгээр гүйцэтгэлээ” гэж мэдэгджээ.

Зеленский ажиллагааны байршил, цар хүрээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Мэргэжилтнүүд үүнийг хэдийгээр жижиг хүрээний ажиллагаа байж болох ч орчин үеийн дайны тактик, стратегийг робот удирдлагатай техникүүд өөрчилж буйг харуулсан үйл явдал болсон гэж үзэж байна.

“Энэ нь том биш, жижиг, хоёрдогч түвшний байрлалыг эзэлсэн тохиолдол байх. Гэсэн хэдий ч өргөн хүрээгээр харвал бид том дэвшлийн өмнө ирсэн байх магадлалтай” гэж Украины цэргийн шинжээч, СБУ-ын аюулаас хамгаалах албаны офицер асан Иван Ступак ярьжээ.

Орос, Украины талуудын аль аль нь тав дахь жилдээ үргэлжилж буй энэ дайнд хүн хүчний хомсдолтой тулгарч буй тул робот техникийг байлдааны гол хэрэгслээ болгохыг эрмэлзэж байгаа.

“Украин улс тулааны талбарт төрөл бүрийн нисгэгчгүй онгоц ашиглах, хөгжүүлэх, байршуулах чиглэлд анхдагч болсон. Хоёрдугаар сарын сүүлийн хагас болон гуравдугаар сарын турш Украины тал бараг бүх фронтын шугам дагуу нисгэгчгүй онгоцны ашиглалтаа эрс нэмэгдүүлээд байна. Энэ нь эргээд Орос, Украины хоорондох зэвсэгт мөргөлдөөний хэтийн төлөвийг өөрчилж, Оросын зорилгодоо цэргийн хүчээр хүрэх чадварыг эргэлзээтэй болгож байна” гэж Оросын цэргийн шинжээч Юрий Федоров хэлжээ.

Зеленский мэдэгдэлдээ Украины алсын тусгалын нисгэгчгүй онгоцнууд хилээс 1,750 км хүртэл зайд довтлох чадвартай болсныг дурдсан юм.

Мөн газрын тээврийн робот системүүд сүүлийн гурван сарын хугацаанд фронтын шугам дээр 22,000 гаруй даалгавар гүйцэтгэснийг тэр мэдээлжээ.

“Өөрөөр хэлбэл тулааны хамгийн аюултай бүсүүд рүү нэвтэрсэн роботууд 22,000 гаруй удаа хүний амь авраад байна” гэж Зеленский хэлсэн юм.

UGV (Unmanned Ground Vehicles) гэгддэг ийм техникийг тагнуулын ажиллагаа явуулах, мина цэвэрлэх, тулааны талбарт хангамж, сум хэрэгсэл хүргэх, шархадсан цэргүүдийг арагш тээвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгүүлэхэд ашигласнаар хүний хохирлыг бууруулж байгаа.

Өмнө нь Украины армийн ерөнхий командлагч Александр Сырский робот системүүд өнгөрсөн сард хоёрдугаар сартай харьцуулахад 50 хувиар илүү олон даалгавар гүйцэтгэснийг хэлж байв.

Өчигдөр Зеленский өөрийн хамгийн том дэмжигч, Украины дайны туршлагаас суралцахыг эрмэлзэж буй Герман улсад айлчилсан юм.

Германы Quantum Systems, Украины Frontline Robotics компаниуд өнгөрсөн арванхоёрдугаар сард Quantum Frontline Industries нэртэй хамтарсан компани байгуулж байв.

Quantum Systems энэ долоо хоногт Зеленскийн айлчлалын үеэр Украинтай хамтарсан өөр хоёр компанийг үүсгэн байгуулснаа зарлах гэж байна.

 

Эх сурвалж: AFP