Испанийн засгийн газар бичиг баримтгүй хагас сая цагаачид хууль ёсны оршин суух эрх олгох шийдвэр гаргав
Испани улсын засгийн газар бичиг баримтгүй 500,000 цагаачид хууль ёсны оршин суух эрх олгох шийдвэрийг өчигдөр зарлажээ.
Ерөнхий сайд Педро Санчес үүнийг “шударга” бөгөөд улс оронд нь “зайлшгүй шаардлагатай” алхам гэж тайлбарласан байна.
“Энэ бол нэгэнт бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон хагас сая орчим хүний бодит байдлыг хүлээн зөвшөөрөх алхам юм” гэж социалист засгийн газрын тэргүүн сошиал хуудсандаа тайлбарлан бичжээ.
Тус улсын консерватив сөрөг хүчин засгийн газрын энэ шийдвэрт хориг тавихаа амлаж, үүнийг хууль бус цагаачлалыг өөгшүүлж, улам олон цагаач ирүүлэх хор уршигтай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Харин Католик сүм хийдийнхэн засгийн газрынхаа төлөвлөгөөг дэмжжээ.
Испанийн засгийн газар зохих шаардлага хангасан бичиг баримтгүй цагаачдад сунгагдах боломжтой нэг жилийн оршин суух зөвшөөрөл олгох гэнэ.
Шаардлага нь сүүлийн таван сарын хугацаанд Испанид амьдарсан, гэмт хэргийн түүхгүй байх ажээ. Хууль бус цагаачдын өргөдлийг дөрөвдүгээр сарын 16-наас зургаадугаар сарыг дуустал хүлээж авах юм байна.
Цагаачид “бидний одоо байгаа, бидний ирээдүйд хүсэж байгаа баян, нээлттэй, олон талын оролцоотой Испани улсыг бий болгоход тусалсан” гэж Санчес шийдвэрээ хамгаалжээ.
Funcas судалгааны төвийн мэдээлснээр одоо Испанид 840,000 орчим хууль бус цагаач оршин сууж байгаа юм байна. Тэдгээрийн дийлэнх нь Латин Америкийн орнуудаас иржээ.
Испанийн эрх баригчдын шийдвэр Европын олон орон цагаачлалын бодлогоо чангатгаж байгаа цаг үед гарч байна.
Гэхдээ Испани улсын хувьд социалист болон консерватив засгийн газруудын аль аль нь цагаачдыг нийгэмшүүлэх арга хэмжээг авч байсан түүхтэй юм.
Хамгийн сүүлд 2005 онд тус улсын социалист засгийн газар 577,000 цагаачид хууль ёсны оршин суух эрх олгож байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
