АНУ-ын дэд ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт давхар “ялагдал” хүлээв

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс хоёр том ажилтай байсан ч аль аль нь бүтэлгүйджээ.

41 настай Вэнс өнгөрсөн амралтын өдрүүдэд Ойрх Дорнодын дайныг зогсоох асуудлаар Пакистаны нийслэл Исламабад хотод Ираны төлөөлөгчидтэй уулзсан юм.

1979 оны Исламын хувьсгалаас хойш Ираны талтай АНУ-ын хийсэн анхны дээд түвшний яриа хэлэлцээ гэдэг утгаараа энэ нь маш чухал үйл явдал байлаа.

Гэвч шөнөжин хуралдсан Вэнс маргааш нь “муу мэдээ” дуулгаж, гэртээ харих онгоцонд суухаасаа өмнө сэтгүүлчдийн гуравхан асуултад хариулсан юм.

Гэтэл түүнийг АНУ-д газардахын өмнөхөн бас нэг муу мэдээ таржээ.

Хэдхэн хоногийн өмнө түүний биечлэн очиж дэмжсэн Унгарын ерөнхий сайд Орбаны нам сонгуульд ялагдаж, 16 жил үргэлжилсэн засаглал нь өндөрлөсөн юм.

Трампын засаг захиргаа өөрийн холбоотон Виктор Орбаныг үлдээхийн тулд нэлээд хүчин чармайлт гаргасан ч ийнхүү бүтэлгүйдсэн байна.

Энэ бүхэн 2028 онд Трампыг залгамжлахаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвших хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигдэж байгаа Вэнсийн хувьд тун тааруу үзүүлэлт юм.

Гэхдээ тэр Даваа гарагт Fox News сувгаар ярихдаа Европ дахь MAGA үзэл суртлын гол дэмжигчээ очиж дэмжих нь сонгуулийн ялалтаас дутахгүй үнэ цэнтэй байсныг тайлбарлажээ.

“Энэ бол тийм муу айлчлал огт биш байсан. Учир нь сонгуульд ялаагүй ч гэсэн хэн нэгний талд зогсох нь үнэ цэнтэй үйл хэрэг юм. Бид түүнийг сонгуульд ялна гэж найдсандаа яваагүй. Ингэх нь зөв гэж бодсон учраас явсан юм” гэж Вэнс хэлсэн байна.

Европ тив дэх барууны үзэл суртлын гол дэмжигчдийн нэг гэдэг утгаараа Будапешт хотод Вэнс айлчлах нь хамгийн зөв сонголт байсан гэдэг.

зураг
 
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нар

Тэрбээр Будапештэд болсон сонгуулийн кампанит ажилд оролцохдоо Путин болон Трампын ойрын холбоотон гэгддэг Орбаныг “Европын үлгэр загвар” хэмээн магтаж байлаа.

Орбаны ялагдал нь Трампын засаг захиргааны үндэсний аюулгүй байдлын бодлогын нэг хэсэг болох Европын цагаачлалын эсрэг намуудыг дэмжих стратегийн анхны томоохон ухралт болсон юм.

Охайо мужийн сенатор асан Вэнсийн хувьд бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үзэл баримтлалаараа улс төрд анх танигдсан хүн. Тэрбээр бас Ираны эсрэг дайныг далдуур хамгийн их эсэргүүцэж байсан Трампын засаг захиргааны гишүүн гэгддэг.

Тиймээс Пакистанд болсон яриа хэлэлцээ түүний хувьд хүнд сорилт байлаа.

зураг
 

“Бид тохиролцоонд хүрч чадалгүй буцаж байна” гэж Ням гарагийн өглөө Пакистаны нийслэлд сэтгүүлчидтэй уулзахдаа Вэнс хэлсэн юм.

Гэхдээ тэр нэг хоногийн дараа үүнийг аль болох эерэг талаас нь тайлбарлахыг хичээж байлаа.

“Би үүнийг бүтэлгүйдсэн гэж бодохгүй байна. Харин ч эсрэгээрээ зөв болсон гэж бодож байна. Бид маш их ахиц дэвшил гаргасан” гэж Fox News сувгаар ярихдаа Вэнс хэлжээ.

Энэ оны арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн дараа 2028 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа Бүгд Найрамдах Намын дотор эхлэх төлөвтэй байгаа. Сунгаанд Вэнс төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой өрсөлдөх магадлал өндөр байна.

 

Эх сурвалж: AFP