Мягмар гарагт АНУ-ын арми Ираны нутаг дэвсгэрт дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоогоо явуулжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гараг нь Ираны дайны хамгийн хүнд өдөр болохыг АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт урьдчилан анхааруулж байв.

Тэрбээр бас сүүлийн 24 цагийн хугацаанд Иран улс дайн эхэлснээс хойш хамгийн цөөн тооны пуужин харвасныг энэ үеэр мэдээлсэн юм.

Хэгсэтийн анхааруулсанчлан Мягмар гарагийн шөнө Ираны нийслэл Тегеран хот агаарын ширүүн цохилтод өртөж, маш хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдож, бүрэн харанхуй болсныг оршин суугчид нь мэдээлжээ.

Пентагон энэхүү цохилтынхоо зорилгыг Ираны пуужингийн нөөц болон пуужинг харвагчийн нөөцийг устгах, батлан хамгаалах үйлдвэрлэлийн баазыг устгах, тэнгисийн флотын хүчийг устгах, цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах гэж тодорхойлсон байна.

Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Дэн Кэйн “ажиллагаа эхэлснээс хойш Ираны баллистик пуужингийн халдлага 90 хувиар, нисгэгчгүй онгоцны нэг чиглэлтэй халдлага 83 хувиар буурсан” гэж мэдээлжээ.

Мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхийг сэтгүүлчид Хэгсэтээс асуухад үүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн шийдэх асуудал гэж хариулсан байна.

Тэрбээр Ойрх Дорнодын урт удаан мөргөлдөөнд АНУ татагдан орсон өмнөх түүхийг давтах ёсгүйг дахин илэрхийлжээ.

“Энэ бол 2003 он биш. Энэ бол Буш, эсвэл Обамагийн үед бидний харж байсан шинэ улс байгуулах эцэс төгсгөлгүй оролдлого биш. Манай үеийн цэрэг дайчид үүнийг давтахыг зөвшөөрөхгүй, мөн маш тодорхой зорилго тавьж буй ерөнхийлөгч үүнийг зөвшөөрөхгүй” гэж Хэгсэт хэлсэн байна.

Хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг байлдааны ажиллагаа эхэлснээс хойш АНУ-ын 140 орчим цэргийн алба хаагч шархадсаныг өчигдөр Пентагон мэдээлжээ.

Эдгээрийн дийлэнх нь хөнгөн байсан ба 108 цэрэг буцаад үүргээ гүйцэтгэж эхэлсэн, найман цэрэг хүнд шархадсан гэнэ.

Амиа алдсан цэргийн тоо долоо хэвээр байгаа аж.

Ираны дайны улмаас дэлхийн эрчим хүчний тээврийн гол зам Ормузын хоолой хаагдаж, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ эрс өсөх аюултай болоод байгаа.

Ерөнхийлөгч Трамп өчигдөр сошиал хуудсандаа Ормузын хоолойн тээвэрлэлтийг тасалдуулбал Иранд хатуу цохилт өгөхөө анхааруулжээ.

Үүний хариуд Ираны аюулаас хамгаалах албаны өндөр албан тушаалтан Али Ларижани “ямар ч үнэ цэнгүй” гэж Трампын сүрдүүлгийг тодорхойлоод “танайхаас том нь ч Иран үндэстнийг мөхөөж чадаагүй юм шүү” гэж анхааруулсан байна.

Дайн эхэлснээс хойш Иран даяар нийт 1,230 хүн амь үрэгдсэнийг Улаан Хавирган Сар байгууллага өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC