Уншиж байна ...

Украины дайны улмаас Путин улс орноо сүйрүүлж байгааг Трамп шүүмжлэв

Т.Давааням, ikon.mn
2 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр Цагаан ордонд ирснийхээ дараа Дональд Трамп өөрийн засаг захиргааны гадаад бодлогын хамгийн эмзэг асуудлуудын нэг болоод буй Орос-Украины дайны талаар байр сууриа илэрхийлжээ.

“Тэр (Путин) дайныг зогсоох энхийн гэрээг байгуулах хэрэгтэй. Ингээгүйн улмаас тэр Орос улсыг сүйрүүлж байгаа гэж би бодож байна. Миний бодлоор Орос улс маш том асуудалд ороход ойрхон байна. Тэдний эдийн засгийг хар. Инфляцыг хар” гэж Трамп хэлсэн нь түүний ОХУ-ын ерөнхийлөгчийн талаар хийсэн ер бусын хурц шүүмжлэлтэй мэдэгдэл байлаа.

“Би түүнтэй маш сайн ойлголцдог. Түүнийг энхийн гэрээ байгуулахыг хүсэж байгаа гэдэгт би найдаж байна” гэж хэлсэн Трамп ойрын үед Путинтэй уулзах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Тэр бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энхийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа өөрт нь илэрхийлснийг энэ үеэр хэлсэн байна.

“Зеленский гэрээ байгуулахыг хүсэж байгаа. Путин ямар бодолтой байгааг би мэдэхгүй байна. Тэр хүсэхгүй ч байж магадгүй. Би хэлж мэдэхгүй байна” гэж Трамп энэ үеэр хэлжээ.

Сонгуулийн кампанит ажлынхаа турш Трамп гурван жил орчим үргэлжилж буй Украины дайныг 24 цагийн дотор зогсоохоо амлаж байв. Гэхдээ судлаачид ингэх боломж бараг байхгүй гэж үзэж байна.

Трампын мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон дайныг “өнөө маргаашгүй зогсоох” боломжгүй, ямар нэг гэрээ хэлцэл эхлэхээсээ өмнө Киевийн эрх баригчдыг илүү хүчтэй байр сууринд хүргэх нь чухал болохыг мэдэгдсэн юм.

Тэрбээр Францын баруун хойд хэсэгт зэвсэгт хүчнийхэнтэйгээ уулзахдаа “Бид өөрсдийгөө хуурах хэрэггүй. Энэ дайн маргааш, эсвэл нөгөөдөр арилах юм биш” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: CNN, AFP