Уншиж байна ...

Ираны шүүх поп дуучин Таталоод бурхныг доромжилсон хэргээр цаазын ял оноожээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Таталоо нэрээр алдаршсан Ираны алдартай поп дуучин Амир Хоссейн Магсодлуд бурхныг доромжилсон хэргээр цаазын ял оноох шийдвэрийг тус улсын дээд шүүх өчигдөр гаргажээ.

Дунд шатны шүүх түүнд таван жилийн хорих ял оноосныг прокурорууд хэтэрхий хөнгөдсөн гэж үзээд цаазын ял хүсэж,  дээд шүүхэд давж заалдсаныг ийнхүү хүлээж авсан юм байна.

“Хэргийг дахин нягтлаад зөнч Мухаммедыг доромжилсон хэрэгт нь цаазын ял оноожээ” гэж Ираны дэвшилтэт хэвлэл Этемад өчигдөр мэдээлжээ.

Гэхдээ дээд шүүхийн шийдвэр эцсийнх биш, давж заалдах боломжтой юм байна.

2018 оноос хойш Истанбул хотод амьдарч байсан 37 настай андерграунд дуучныг 2023 оны арванхоёрдугаар сард Туркийн цагдаа нар баривчилж, Ираны талд шилжүүлж өгсөн юм.

Таталоо тэр үеэс хойш Ираны шоронд хоригдож байгаа.

Түүнийг бас “биеэ үнэлэлт, садар самуун” сурталчилсан, Исламын Бүгд Найрамдах Улсын эсрэг суртал нэвтрүүлэг явуулсан хэрэгт буруутгажээ.

Рэп, поп, R&B урсгалуудаар уран бүтээл туурвидаг, биеэрээ дүүрэн шивээстэй Таталоог өмнө нь Тегераны эрх баригчид либерал үзэлтэй иранчуудыг татахад ашиглах гэж оролдож байв.

Тухайлбал тэр 2015 онд Ираны цөмийн хөтөлбөрийг дэмжсэн утгатай дуу гаргаж, 2017 онд хэт хуучинсаг үзэлтэй ерөнхийлөгч Эбрахим Раиситай телевизийн нэвтрүүлэгт хамт оролцож байжээ.

Ерөнхийлөгч Раиси өнгөрсөн онд нисдэг тэрэгний ослоор нас барсан юм.

 

Эх сурвалж: AFP