Өчигдөр буюу Бямба гарагт Египет улсын өмнөд бүсийн Асван хотод $500 саяын өртгөөр байгуулагдсан нарны цахилгаан станц нээгджээ.
500 мегаваттын хүчин чадалтай Abydos Solar PV Plant нэртэй энэхүү станцын бүтээн байгуулалтыг Дубайд бүртгэлтэй AMEA Power компани 18 сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.
Станц жил бүр 1,500 гигаватт/цаг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь 300,000 гэр бүлийг хангаж, 782,300 тонн хүлэмжийн хийг бууруулах хэмжээ юм.
Энэхүү төсөл нь уламжлалт эх үүсвэрүүдээс хараат байдлаа багасгаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх Египет улсын үндэсний стратегийг хэрэгжүүлэхэд нэг чухал алхам болж буйг тус улсын ерөнхий сайд Мустафа Мадбули нээлтийн үеэр мэдэгджээ.
Бас зуны улиралд тулгардаг эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэйг тэр онцолсон байна.
Өнгөрсөн зун Египет улсад өдөр бүр гурав хүртэл цагийн эрчим хүчний хязгаарлалт хэрэгжиж байсан нь сэрүүцүүлэгч, агааржуулагчийн хэрэглээ эрс нэмэгддэгтэй холбоотой байв.
Нарны цахилгаан станцын төслийг Олон Улсын Санхүүгийн Корпорац, Нидерландын Dutch Entrepreneurial Development Bank, Японы JICA байгууллага санхүүжүүлжээ.
Асван хот нь жилийн турш нарны гэрлийн тусгал өндөр байдаг газар бөгөөд энд 2019 онд нээгдсэн нийт 1,650 мегаваттын чадалтай Benban Solar Park нарны эрчим хүчний парк байрладаг.
Энэ нь Африк тив, Ойрх Дорнодын бүс нутгийн хамгийн том нарны станцуудын нэг юм.
Өчигдөр бас Египетийн засгийн газар AMEA Power компанитай Улаан тэнгисийн эргийн Хургада хотын хойно байрладаг Рас Шукейрт $600 саяын өртөгтэй 500 мегаваттын салхины цахилгаан станц байгуулах гэрээ байгуулжээ.
Египет улсын нийт эрчим хүчний нийлүүлэлтийн 11.5 хувийг 2023 онд сэргээгдэх эх үүсвэрүүд хангаж байсан бол 2030 онд 42 хувьд хүргэх зорилт тавьсан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!