Манго брэндийн бэлэн хувцасны сүлжээг үүсгэн байгуулагч, тэрбумтан Исак Андик өчигдөр Барселон хотын ойролцоо агуйд аялж яваад осолджээ.
Испанийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар 71 настай бизнесмэн уулын агуйд аялж явахдаа ангалд унасан юм байна.
Тухайн үед тэр хүү болон гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хамт аялж байжээ.
Турк гаралтай Андик 1984 онд өөрийн ах Нахманы хамт Барселон хотод Манго брэндийг үүсгэн байгуулсан нь одоо дэлхийн 120 улсад 3,000 орчим салбар дэлгүүртэй сүлжээ болон өргөжсөн байна.
Форбс сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $4.5 тэрбум гэж тооцоолсон байдаг.
Андик гүн агуйнуудаараа алдартай Монсеррат ууланд аялж явахдаа 150 метрийн өндрөөс унасан тухай Испанийн хэвлэлүүд мэдээлж байна.
Орон нутгийн цагаар 13:00 цагт ирсэн дуудлагын дагуу онцгой байдлын албаныхан ослын газарт нисдэг тэрэгтэй иржээ.
“Мангог Исакын мөрөөдөж, бахархаж байсан төсөл хэвээр хадгалах нь бидний түүнд үзүүлж чадах хамгийн том хүндлэл юм” гэж Манго компанийн гүйцэтгэх захирал Тони Руиз эмгэнэлийн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
“Испанийн энэ компанийг хувцас загварын салбарт дэлхийн тэргүүлэгч болгосон түүний аугаа амжилт, бизнесийн алсын харааг бид дурсан санах болно” гэж Испани улсын ерөнхий сайд Педро Санчес мэдэгджээ.
Андик 1960-аад оны үед гэр бүлийн хамт Испанийн зүүн хойд Каталони мужид нүүн ирж, суурьшиж байсан юм.
Нас барах үедээ тэр компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлийг даргалж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй байжээ.
Манго компани 2023 онд 3.1 тэрбум еврогийн борлуулалттай ажилласан байдаг.
Талийгаачийг Испанийн өөр нэг хувцас загварын тэрбумтан, Zara брэндийг үүсгэн байгуулагч Амансио Ортегагийн өрсөлдөгч гэж үздэг байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!