Уншиж байна ...

Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг түдгэлзүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Өмнөд Солонгосын парламент хоёр дахь удаагаа тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёлд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалаа.

Үндсэн хуульд заасны дагуу Үндэсний Ассамблейн 300 гишүүний гуравны хоёр буюу 200 гишүүн дэмжсэн тохиолдолд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлдэг.

Өчигдөр нийт гишүүдийн 204 нь дэмжсэнээр Юн Сүк Ёлын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байна.

300 гишүүний 204 нь дэмжиж, 85 нь эсэргүүцэж, гурав нь түдгэлзэж, найм нь хүчингүй санал өгчээ.

Долоо хоногийн өмнө болсон анхны санал хураалтаар сөрөг хүчний 192 гишүүн дэмжиж, эрх баригч намын гишүүд эсэргүүцсэн тул Юн Сүк Ёл суудалдаа үлдсэн юм.

Харин энэ удаа эрх баригч намын 12 гишүүн сөрөг хүчинтэй нэгдсэн байна.

Ингэснээр ерөнхийлөгч Юн Сүк Ёл улс орондоо цэргийн дэглэм зарласнаас хойш 11 хоногийн дараа эрх мэдлээ хязгаарлуулж байгаа юм.

Одоо тэр зөвхөн Үндсэн Хуулийн шүүх парламентын шийдвэрийг дэмжээгүй тохиолдолд эрх мэдлээ буцааж авах боломжтой болно.

Тэр хүртэл Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук Сү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.

Харин Үндсэн Хуулийн шүүх парламентын шийдвэрийг дэмжвэл Юн Сүк Ёл албан ёсоор ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, шинэ сонгууль зарлах ёстой.

Санал хураалтын дараа үг хэлэхдээ Юн Сүк Ёл албан тушаалдаа үлдэхийн төлөө бүх боломжийг ашиглан тэмцэхээ мэдэгджээ.

зураг
 

“Би БНСУ-ыг төлөөлөн дэлхийг тойрон аялахдаа үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрсэн. Солонгосын олон улсын нэр хүнд өсөж, аюулгүй байдал, эдийн засаг хүчирхэгжихийн хэрээр би алжаал ядаргаагаа мартаж байсан. Гэвч одоо энэхүү сорилт бэрхшээлтэй атлаа үр өгөөжтэй аялал маань түр завсарлаж байна. Хэдийгээр энэ аялал минь түр завсарласан ч сүүлийн хоёр жил хагасын хугацаанд ард түмэнтэйгээ хамт хийсэн ажил маань хэзээ ч зогсох ёсгүй. Би хэзээ ч бууж өгөхгүй” гэж тэр хэлсэн байна.

Гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан Намын бүлгийн дарга Пак Чан Дэ санал хураалтын үр дүнг “ард түмний их ялалт” гэж тодорхойлоод Үндсэн Хуулийн шүүхээр парламентын шийдвэрийг дэмжүүлэхийн төлөө ажиллахаа амлажээ.

“Арванхоёрдугаар сарын 3-ны бослого хараахан дуусаагүй байна. Гол зохион байгуулагч Юн Сүк Ёлын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь хямралыг шийдвэрлэх эхний алхам. Бид Юныг оролцуулаад холбогдох бүх хүмүүсийг сайтар шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, хэргийн цар хүрээг бүрэн илчлэх хүртэл амар тайван суухгүй” гэж тэр хэлсэн юм.

зураг
 

Харин эрх баригч Солонгосын Ардын Хүч намын удирдлага санал хураалтын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Үндсэн Хуулийн шүүхийг асуудалд шударга хандана гэдэгт итгэж байгаагаа мэдэгджээ.

Санал хураалтын дараа тус намын удирдах зөвлөлийн таван гишүүн огцрохоо мэдэгдсэн байна.

Намын дүрмээр удирдах зөвлөлийн дөрвөөс дээш тооны гишүүн огцорвол тарах ёстой байдаг. Ингэснээр эрх баригч намын дотор хагарал үүсэж, удирдлагын баг бүрэлдэхүүнээрээ солигдож магадгүй болоод байна.

Юн Сүк Ёлын төрийн тусгай хамгаалалт хэвээр үлдэх ч зэвсэгт хүчнийг командлах, хууль батлах, албан тушаалд  хүмүүсийг томилох болон чөлөөлөх, гадаад харилцааны арга хэмжээнд оролцох зэрэг үүргээ гүйцэтгэх боломжгүй болжээ.

Ерөнхийлөгчийн тамгын газар үргэлжлүүлэн ажиллах ч ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн удирдлага дор ажиллах юм байна.

 

Эх сурвалж: Korea Times