Уншиж байна ...

Уолмартын өв залгамжлагчид дэлхийн хамгийн баян гэр бүлийн титмийг Арабын язгууртнуудаас шилжүүлэн авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Сэм Уолтон агсны гурван хүүхэд

Энэ оны дэлхийн хамгийн баян гэр бүлээр Америкийн жижиглэн худалдааны аварга сүлжээ Уолмартын (Walmart) өв залгамжлагчид тодорчээ.

Уолмартыг үүсгэн байгуулагч Уолтон агсны гурван хүүхэд болох Жим, Роб, Алис нар болон бусад гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн нийлбэр хэмжээ энэ сарын эхний байдлаар $432 тэрбумд хүрч, Блүүмбэргийн жил тутам зарладаг баян гэр бүлүүдийн жагсаалтыг тэргүүлсэн байна.

Тэдний хөрөнгийн хэмжээ Америкийн Home Depot ($412 тэрбум), Procter & Gamble ($402 тэрбум), Netflix ($396 тэрбум) зэрэг компаниудын зах зээлийн үнэлгээг ч давж байгаа юм.

Өнгөрсөн онд баян гэр бүлүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Дабигийн захирагч Аль Нахянийн гэр бүл энэ жил $324 тэрбумын хөрөнгөөр дэд байранд жагсжээ.

Өнгөрсөн онд тус гэр бүл $305 тэрбумаар тэргүүлж, Уолтоны гэр бүл $260 тэрбумаар удаалж байсан юм.

Энэ жилийн жагсаалтын гуравдугаарт $173 тэрбумын хөрөнгөөр Катар улсыг захирагч Аль Танигийн гэр бүл эрэмбэлэгдсэн байна.

Дөрөвдүгээр байрыг Францын Hermes брэндийг эзэмшигч гэр бүл $171 тэрбумаар эзэлжээ.

Тавдугаар байранд Америкийн аж үйлдвэрийн домогт компани Koch Industries-ийн эзэн ах дүүс $149 тэрбумын хөрөнгөөрөө орсон байна.

Уолмартыг үүсгэн байгуулагч Сэм Уолтон амьд ахуйдаа өөрийн дөрвөн хүүхэд тус бүрд компанийнхаа 20 хувийг эзэмшүүлэхээр гэрээсэлж байжээ.

Өнөөдөр тэдний гурав нь амьд байгаа юм. Уолтоны ах дүү гурвын хөрөнгийн хэмжээ энэ жил тус бүрдээ $43 тэрбумаар өссөн байна.

Тэд энэ оны есдүгээр сард $100 давсан тэрбумтнуудын жагсаалтад орж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн 15 дугаарт эрэмбэлэгдэж байжээ.

Уолтоны нас барсан хүү болох Жоны хүү Лукас, бэлэвсэн гэргий Кристи Уолтон нар тус бүр $40 болон $18 тэрбумын хөрөнгөтэй юм.

 

Эх сурвалж: Business Insider