Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Батбаяр: Амны хаалтаа зүүхгүй байгаа нь АМИА ХОРЛОЛТ шүү, улаанбаатарчууд аа

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх мэдээллийг Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв болон бусад холбогдох газраас хүргэж байна. 

Энэ үеэр агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөл хоорондоо шууд холбогдож, хүн амын эрүүл мэндэд олон эрсдэлт үр дагаврыг бий болгох аюултайг ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр хэлсэн юм. 

Тодруулбал нарийн ширхэгт тоос нь хүний арьсыг гэмтээж, ЭРТ ХӨГШРҮҮЛ-дэг бөгөөд ТЭНЭГРЭЛ-д хүргэдэг хүчин зүйл болох нь судалгаагаар нотлогдсоныг тэрбээр дурдаж байлаа. 

Агаарын бохирдлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийн талаар түүний танилцуулсан мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна. 



"Нарийн ширхэгт тоосонцор хүний цус руу орж байна"

Агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөл нь хоорондоо нягт уялдаатай. Иргэдийн зүгээс агаарын бохирдлын хамгийн аюултай хэсэг болох нарийн ширхэгт тоосонцроос шалтгаалан ямар процесс бий болдгийг нэлээд асуудаг.

Нарийн ширхэгт тоосонцор нь:

Бидний амьсгалж байгаа агаараар дамжаад уушгины хамгийн жижиг хэсэгт очоод цусны судас руу нэвчдэг. Өөрөөр хэлбэл хүний цус руу шууд орж байгаа гэсэн үг.

Ингэж орсон нарийн ширхэгт тоосонцор бидний сайн мэддэг тунгалгийн булчирхайнууд руу очиж байгаа. Улмаар тунгалгийн булчирхай нь нүүрс, нүүрсний тоосонцроор дүүрч, харласан тохиолдол олон гарч байна. Үүний дараагаар бөөр, элэгний эд эсүүдэд очиж мөн гэмтээж байгаа.

"Дархлааны эсүүд нарийн ширхэгт тоосонцрыг залгиж, улмаар чадвараа алддаг" 

Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д хийсэн судалгаа:

Элэгний хавдрын нэг шалтгаан бол нарийн ширхэгт тоосонцор гэж зарласан.

Уушгины цулцан дээр нарийн ширхэгт тоосонцор сууснаар "уушгины эд эс" гэмтдэг. Ингэж гэмтсэнтэй холбоотойгоор уушгины хавдар үүсэх эрсдэлтэй.

Дархлааны эсүүд нарийн ширхэгт тоосонцрыг залгиж, улмаар дархлааны чадвараа алдсантай холбоотойгоор тухайн тоосонцроос шалтгаалан амьсгалын зам болон бусад халдварт өртөмтгий болж байгаа.

Тухайлбал нарийн ширхэгт тоосонцроос шалтгаалан амьсгалын халдвар, томуу, томуу төст өвчин болон сүрьеэгийн эрсдэл өсдөг. Манай улсад сүрьеэгийн тохиолдол өндөр байдаг нэг гол шалтгаан нь агаарын бохирдол.

"Агаарын бохирдол хүний арьсыг эрт хөгшрүүлж, тэнэгрэлд хүргэх эрсдэлтэй" 

Сэхээний тасгууд, яаралтай тусламжийн тасгуудад амьсгалын зовуурьтай очиж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр.

Агаарын бохирдлын улмаас хүүхдийн уушгины өсөлт зогсож, насанд хүрэгчдийн уушгины үйл ажиллагаа алдагддаг. Мөн 

  • Астма буюу амьсгалын багтраа өвчинд өртөмтгий болох,
  • Хүний арьсыг гэмтээж, эрт хөгшрүүлэх,
  • Аутизмд нөлөөлөх,
  • Тэнэгрэлд хүргэх эрсдэлтэй нь судалгаагаар нотлогдсон.

Үүнээс гадна уур уцаартай, сэтгэл гутралтай хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг. 

 Амны хаалт зүүх боломжгүй үед ноос, ноолууран ороолтоороо ам, хамраа баглаж хамгаалахыг зөвлөв

Агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцор нь цусны даралт ихэсгэдэг. Олон жилийн хугацаанд нарийн ширхэгт тоосонцроор амьсгалсан хүмүүс цусны даралт ихсэх, зүрх судасны дутагдалт орох эрсдэл бий болдог. 

Мөн жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлтийг зогсоож зулбуулдаг, жин багатай, бодисын солилцооны эмгэгтэй хүүхдүүд төрдөг. Ийм учраас 10, 11, 12, 1, 2, 3 дугаар сард нарийн ширхэгт тоосонцор ихэссэн энэ үед гадаад болон дотоод орчинд тогтмол амны хаалт зүүж хэвших ёстой. 

Амны хаалтаа зүүх боломжгүй тохиолдолд ноос болон ноолууран ороолтоороо ам, хамраа баглаж хамгаалахыг зөвлөдөг. 

 Гадаадад очихоор яагаад биднээс НҮҮРС үнэртдэг вэ?...

Гадаадад очихоор бидний хувцаснаас нүүрс үнэртээд байна гэж ярьдаг.

Зөвхөн хувцаснаас үнэртэж байгаа бус бидний цусанд шимэгдсэнтэй холбоотой. 

Өөрөөр хэлбэл тасралтгүй нарийн ширхэгт тоосоор амьсгалж байгаа учраас амьсгалсан агаар маань уушгины цулцангаар дамжиж цусны судсанд шимэгдсэнтэй холбоотойгоор "нүүрс үнэртэж" байгаа гэсэн үг.

Зарим эцэг, эх, асран хамгаалагчид өвлийн улиралд хүүхдээ гадаад руу явуулахад "Олон сар ханиалгаж байсан ханиалгын зовуурь богино хугацаанд арилчихлаа" гэж ярьдаг. Энэ бол нарийн ширхэгт тоосонцор амьсгалын зам болон уушгины цулцангууд дээр очиж суугаад цочроож, хүчил төрөгчийн дутагдалд оруулж байсантай холбоотой.

 Машиныхаа мотор эсвэл тос руу тоос орсныг шалгадагтай адил...

Иргэд өөрсдөө амны хаалт зүүхгүй, хүүхдэдээ ч амны хаалт зүүлгэхгүй байна.

Амны хаалтаа зүүхгүй мөртлөө машиныхаа агаарын шүүлтүүрийг авч сэгсэрдэг. Машиныхаа тосыг гаргаж ирж имэрч үздэг. Энэ нь нарийн ширхэг тоосыг машиныхаа мотор эсвэл тос руу орсон эсэхийг шалгаж багаа хэлбэр. Тэгвэл хүний биед ч мөн адил.

Хэрвээ та амны хаалт зүүхгүй байгаа тохиолдолд нарийн ширхэгт тоос таны цус, уушги руу орж байгаа. Улмаар хавдар болон амьсгалын бусад олон халдварын эрсдэлд оруулж байгаа.

"Амны хаалтаа зүүхгүй байгаа нь АМИА ХОРЛОЛТ шүү, улаанбаатарчууд аа"

Агаарын бохирдолтой холбоотойгоор манай Эрүүл Мэндийн Даатгалын Сан (ЭМДС)-д ачаалал үүсэж байгаа нь үнэн. 

Эрүүл мэндийн салбарт ч ачаалал их үүсэж байна.

Ханиад томуугийн улиралд гараа угаахгүй, маскаа зүүхгүй байвал эмнэлгийн ачаалал дийлдэхгүй нь ээ. Үүнийг эрүүл мэндийн салбарын ажилчид Та бүхний дэмжлэггүйгээр даван туулах боломжгүй. 

Амны хаалтаа зүүхийг иргэдэд уриалж байна. Мөн УИХ-ын 126 гишүүн авлигаас ангид байж, хувийн эрх ашгаа умартаж, ерөнхийлөгчийн хориг тавьсан төсвийг

  • агаарын бохирдол бууруулах
  • нүүрс түлэхгүй байх
  • Машины түлшийг Евро стандарт руу шилжүүлэх
  • Нүүрсэн яндангүй машиныг хязгаарлах зэрэг эрүүл мэндийг дэмжсэн төсөв болгон өөрчлөхийг хүсэж байгаа.

Улаанбаатар хотод 10, 11, 12, 1, 2, 3 дугаар сар хүртэл агаарын бохирдол өндөр байдаг. 

Нарийн ширхэгт тоосонцор ДЭМБ-ын зөвлөмжөөс 10-20 дахин өсөөд байгаа энэ улиралд гадаа болон дотоод орчинд амны хаалт хэрэглэхгүй байх нь нэг талаар амиа хорлолт шүү гэдгийг Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр санууллаа.