Уншиж байна ...

Долоо хоногийн хугацаанд нийслэлд гал түймрийн 68 дуудлага бүртгэгдэв

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурав, гал түймрийн 68 дуудлага бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад гал түймрийн дуудлага буурахгүйг илтгэж байна. Арваннэгдүгээр сарын 10-18-ныг хүртэл хугацаанд гал түймрийн 67 дуудлага иржээ. Харин улсын хэмжээнд объектын түймэр 2024 оны эхний 10 сарын байдлаар 2,737 удаа бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн дуудлага нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх 20, Сүхбаатар долоо, Сонгинохайрхан 21, Хан-Уул дөрөв, Баянгол зургаа, Чингэлтэй дөрөв, Налайх дөрөв, Багануур нэг, Багахангай дүүрэгт тус тус нэг бүртгэгджээ. Дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж 154 иргэний аюулгүй байдлыг ханган, гурван тэрбум 165 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Онцгой байдлын байгууллагаас гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.

Зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал CO2-ын оронд CO үүсдэг. Энэ нь угаарын хий юм. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг байна.

Иймээс дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах шаардлагатай.

  • Толгой өвдөх
  • Огиулж бөөлжих
  • Ханиалгах
  • Ядарч сульдах
  • Гуйвж дайвах
  • Ухаан балартаж унах

Угаарын хийн хордлогын үед үзүүлэх анхны тусламж

  1. Угаартай орчноос яаралтай гаргах
  2. Унтуулахгүй байх
  3. Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)
  4. Эмчид яаралтай хандах. 

Угаарын хий мэдрэгчийг ашиглах ЗААВАРЧИЛГАА