Бид үл хөдлөх хөрөнгийн салбарын мэдээ, мэдээлэлтэй уншигч нарыгаа ойртуулж туршлага, мэдлэгийг хүргэх зорилгоор RE/MAX брокер эзэмшигч нарыг цувралаар танилцуулж байгаа билээ.
Тэгвэл энэ удаагийн ярилцлагадаа фермерийн аж ахуйн менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, барилгын интерьер дизайнераар ажиллаж байгаад RE/MAX-д нэгдсэн Г.Ганбаатар захирлыг урьж оролцууллаа.
Тэрбээр өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийн бизнесийг хүүхдүүддээ өвлүүлэхээр хөгжүүлэн ажиллаж буй алсын хараатай эрхэм юм. Мөн агентаар ажиллаж эхэлсэн эхний дөрвөн сарын хугацаанд амжилт гаргаж чадаагүй бөгөөд "долоо хоног л гүрийгээд үзье" хэмээн эхнэртэйгээ ярьсан нь түүний амьдрал болон бизнест эргэлтийн цэгийг авч ирсэн аж. Хамгийн багаас эхлүүлж, өдий зэрэгт хүртэл нь хөдөлмөрлөж чадсан түүхийг танд хүргэж байна.
- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес Монголд орж ирээд олон жил болоогүй. Энэ салбарт амжилттай яваа захирлуудын түүхийг сонсох маш урамтай. Тэдний эхлэл болон эргэлтийн цэг хамгийн чухал байсан юм шиг санагддаг. Таны эргэлт болон эхлэлийн цэгийн талаар яриагаа эхлэх үү?
- Би 2018 оны зургаадугаар сараас RE/MAX-д анх хөл тавьж, REMAX 100% in Mongolia оффисын агентаар ажиллаж эхэлсэн. Гэхдээ агентаар ажилласан эхний дөрвөн сард маш их бүтэлгүйтсэн учраас болихоор шийдэж байсан гэх үү дээ. Яагаад гэвэл хоёр дахь хүүхэд маань төрөөд удаагүй, орон сууцны зээлтэй байсан.
Амьдрахад тодорхой хэмжээний мөнгө шаардагдана, байрны лизингээ төлнө гэдэг тухайн үед чанга санагдсан шүү. Агентаар тууштай ажиллаж эхэлсэн дөрвөн сар ердөө хоёр үл хөдлөх хөрөнгө зарж, хоёр сая төгрөгийн цалин авсан юм байна. Тэр мөнгө бидний амьдралд яагаад ч хүрэлцээгүй. Эхнэр маань “Ганбаа болио энэ чиний хийдэг ажил биш байна. Хоёулаа хуучин ажлаа хийе” гэсэн.
Эхнэрийнхээ үгэнд орж агентын ажлаас түр завсарлаад таксинд явж үзлээ. Гэвч таксинд өмнө нь явж үзээгүй учраас хүн олохоо мартах, мөнгөө авахгүйгээр буулгах гэх мэт олон алдаа гаргасан. Дараа нь өөрийнхөө хуучин буюу барилгын интерьер заслын ажлаа эхлүүлэв. Чимхлүүр ажил ихтэй болохоор хүн бүр заслын ажлыг хийж чаддаггүй. Өөрөө хэн нэгнийг сургаж аваад хийхээр нөгөө хүмүүс маань сурчхаад намайг орхих асуудал гардаг. Хамгийн чухал нь "барилгын интерьер заслын ажлыг би насаараа хийж чадах уу" гэж өөрөөсөө асуусан. Энэ асуулт миний амьдралын эргэлтийн цэг гэж болно.
Төд удалгүй RE/MAX-д эргэн нэгдэх талаар яриад, эхнэрээсээ “би долоо хоног л гүрийгээд үзье, чи намайг долоо хоног л хараач” гэж гуйсан.
- Өмнө нь бүтэлгүйтсэн ажил руугаа дахин орох зоригтой шийдвэрийг яагаад гаргасан бэ?
- Агентын ажил хийсэн дөрвөн сарын хугацаанд юун дээр алдаад байгаагаа олж харсан. Надад сошиал маркетингийн ажил дутаж байсан. Тиймээс нэг агенттайгаа багийн системээр ажиллаж үзэхэд маш хурдан буюу 14 хоногийн дотор үр дүнгээ өгсөн дөө. Өөрт байгаа мэдээллээ бусдад түгээж чадахгүй байсан нь миний хамгийн том алдаа.
Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сард болих талаар бодож байсан би 5-8 дугаар сард оффисынхоо шилдэг ажилтан болж чадсан. Есдүгээр сард түр амраад, аравдугаар сард дахин шилдэг ажилтан болсон. Тухайн үед манай оффисоос гүйлгээний марафон уралдаан зарлаж, би түрүүлж байлаа. RE/MAX-ийн нэг гоё зүйл нь жил бүр улс оронд брокер оффис ажиллуулж буй хүмүүсийн чуулган зохион байгуулагддаг. Энэ арга хэмжээ 2019 онд АНУ-ын Las Vegas хотод болж, би оролцох эрх, онгоцны тийз авсан.
АНУ руу явахын тулд анх удаа визийн ярилцлагад орж үзлээ. Ярилцлагын үеэр АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан надаас хоёрхон асуулт асуугаад “За ойлголоо. Чиний виз гарлаа” гэж хэлээд 10 жилийн виз дарсан. Энэ бол RE/MAX-ийн ач гавьяа. Дэлхийн хэмжээний том брэнд, сайн хүмүүстэй нэг дээвэр доор ажиллаж байснаар надад энэ боломж гарч, би алдалгүй атгаж авсан.
2020 онд тус арга хэмжээнд оролцож байхад цар тахал гарч, АНУ-д зургаан сар гацсан даа. Ийнхүү удалгүй эх орондоо ирээд 2020 оны есдүгээр сар хүртэл хөл хорионд орсны дараа 10, 11 дүгээр сард дахин шилдэг ажилтан болсон юм. Гэхдээ агентын ажлыг 2-3 жил хийсний дараа бага зэрэг залхаж эхэлсэн.
- RE/MAX-ийн франчайзыг худалдан авч, брокер эзэмшигч болох шийдвэрийг та яагаад гаргасан бэ. Өөрийнхөө цаашдын ирээдүйг хэрхэн харсан бэ?
- Агентад уналтын үе гэж байдаг. Хийж буй зүйлээсээ залхдаг гэх үү дээ. Энэ үедээ би франчайз бизнес худалдаж авах талаар бодсон. 50 жилийн түүхтэй RE/MAX манай улсад үйл ажиллагаа эхлүүлээд удаагүй, цаашдаа ч олон жил болж чадахыг харсан. Ийнхүү 2022 онд "RE/MAX Mongolia"-ийн удирдлагуудтай уулзаж франчайз худалдан авахаар шийдлээ.
Би ирээдүйд үр ашгаа өгөх маш чухал шийдвэр гаргасан гэж боддог. Учир нь цаашдаа энэ франчайз бизнесийг гэр бүлдээ өвлүүлэх талаар бодож, RE/MAX Apex брокер оффис байгуулсан. Оффис маань өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
- Та хүүхдүүддээ энэ бизнесийг өвлүүлэх боломжтой гэж харсан байна. Энэ талаараа ярьж өгнө үү?
- Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнесийг үргэлжлүүлж хийх, брокер оффис байгуулах нэг том шалтгаан бол би маш том мэдээллийн бааз бий болгож байна. Үүнийг хүү, охин хоёртоо өвлүүлж, зах зээлийн мэдээллийг хамгийн үнэн зөвөөр өгч чадах хүн бол би өөрөө. Тиймээс хүүхдүүдээ ирээдүйд Дональд Трамп шиг хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан болсон байгаасай гэж хүсдэг. RE/MAX Apex брокер оффисыг маш сайн хөгжүүлж, хүүхдүүддээ өвлүүлж үлдээнэ. Ер нь би ирээдүйн Дональд Трампын аав, өвөө болсон байхыг үгүйсгэхгүй.
Барилга үргэлж баригдаж байдаг. Нэгэнт баригдсан барилга гэр шиг нурах нь бараг байхгүй, 100 жилээр яригддаг өв хөрөнгө. Хүн амьдарч л байгаа бол бид нэг дээвэр дор амь зогооно. Тэгэхээр барилгыг борлуулж, зуучлах үйлчилгээ мөнхөд байсаар байна гэсэн үг. Энэ бизнес алга болохгүй улам л хөгжөөд явна.
RE/MAX-ийн бусад брокер эзэмшигчид гадаадын том сургуульд сурсан байдаг. Харин миний хувьд энэ бизнесийг хамгийн багаас нь эхлүүлж, сурч хөгжиж байна. Би аливаа зүйлийг хийхдээ нягт нямбай, багаас нь том рүү тэмүүлэхийг зорьдог. Энэ чанар маань намайг өдий зэрэгтээ авч явж байгаа. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй ч энэ хүртэл тууштай байж чадсан. Уг нь би Хөдөө аж ахуйн их сургуулийг фермерийн аж ахуйн менежментийн чиглэлээр төгссөн. Гэхдээ үл хөдлөхийн салбарт амжилт гаргаж том хэмжээний биш ч өөрийнхөө чадах хэмжээнд байр сууриа олсон байна.
- Ярилцлагын энэ хэсэгт та RE/MAX Apex оффисынхоо талаар уншигчдад танилцуулна уу?
- Манай оффис одоогоор 25 агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. RE/MAX Apex нь бусад том оффис шиг их хэмжээний арын албатай биш. Манайх брокер эзэмшигч, админ гээд 2-3 хүний бүрэлдэхүүнтэй. Манай агентууд дунджаар дөрвөн жил ажилласан байна.
Би өөрийнхөө оффист гэр бүлсэг, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чадсанаараа их бахархаж ярьдаг. Бидний нэг том зорилго бол хөрөнгөтэй апексчууд дурсамжийг бүтээх юм. Дурсамжийг бүтээхээр жил бүр зун, өвөл, намрын аялал зохион байгуулж бүгд хамрагддаг. “Хөрөнгө оруулагч апексчууд” гэдэг нь бидний уриа үг.
- "Хөрөнгө оруулагч апексчууд" манай гол давуу тал гэж ярилаа. Энэ нь юуны талаар ярьж байна вэ?
- Манай агентууд өөрөө өөрсдөдөө хөрөнгө оруулдаг. Мэдээлэлд ойр байгаа давуу талаа ашиглаж байна гэсэн үг. Энэ мэргэжлийг эзэмшиж байгаа болохоор хөрөнгө оруулагч байдлаар үл хөдлөх худалдаж авах талаар зөвлөдөг. Ер нь агентууд маань үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулаад эхэлчихсэн. Хамтдаа дурсамж бүтээж, аз жаргалыг мэдрээд хөрөнгө оруулалтыг нэгнээсээ суралцаад явж байгаа нь давуу тал юм.
RE/MAX брокер оффисоо гурван төрлөөр ангилдаг. Манай оффис одоогоор яг дунд шатанд явж байна. Ойрын хугацаанд хамгийн сайн зэрэглэлд өрсөлдөж, борлуулалтаа 10 тэрбум төгрөгөөс буулгахгүй байх төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс маш чанартай, мэргэшсэн агенттай болохоор ажиллаж байгаа.
- Мэргэшсэн агент гэж юуг тодорхойлж байна вэ. Бодит амьдралд гардаг жишээгээр тайлбарлаж болох уу. Танай харилцагчид ихэвчлэн юун дээр алдаа гаргаж байна вэ?
- Агент хүн ямар нэгэн эрсдэл үүсэхээс байнга сэргийлж байдаг. Тиймээс үл хөдлөх хөрөнгөө зарах, түрээслэх гэж буй хүмүүс агенттайгаа маш сайн ярилцаж үгийг нь сонсох хэрэгтэй. Тодорхой хэмжээний хүрээлэлтэй болж, аль нэг үл хөдлөх хөрөнгөөр мэргэшиж, тууштай явах нь чухал.
Тухайлбал нэг харилцагч маань байраа зарах гээд дөрвөн сар болсон. Манай агенттай гэрээлснээр тухайн байрыг долоо хоногийн дотор зарж өгсөн. Зарж чадаагүй энэ хугацаанд янз бүрийн боломж алдсан тухайгаа харилцагч маань ярьсан. Агент гэдэг таны цаг зав, ажил амьдрал үр өгөөж өгч чадах хүн байдаг. Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь өөрсдөө зарах гэж маш их цаг хугацааг алдаж байна. Бид тухайн хүнд үйлчилгээ үзүүлснээрээ л ажлынхаа хөлсийг авах ёстой.
- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнесийг урт хугацаанд авч явахад юу хамгийн чухал гэж боддог вэ?
- Урт хугацаанд авч явахын тулд ёс зүйтэй, залуу үетэйгээ хөл нийлүүлж алхдаг, мэргэжлийн түвшний байх нь хамгийн чухал. Иймэрхүү нөхцөл бүрдүүлсэн үед харилцагчид маань надаас хэзээ ч урвахгүй байх. Үл хөдлөх хөрөнгийн 70 хувь нь байнгын буюу эргэх холбоотой харилцагч, 30 хувь нь тогтмол бус харилцагч гэж би хардаг. Тиймээс 70 хувийн харилцагчид маань надаас байнгын үйлчилгээ авч, намайг сурталчлах байдлаар явдаг гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес хэзээ ч хөгшрөхгүй мэргэжил учраас 70 насандаа ажлаа хийж байхын тулд маш сайн мэргэшсэн мэргэжлийн зөвлөгч болох ёстой.
Цаашдаа агент хоорондын ёс зүйгүй байдалд анхаарах шаардлага тулгарч байгаа. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаагаас шалтгаалж дарамт ирэх, үнэ нэмэх нь байнга яригдах сэдвийн нэг болоод байна. Ёс зүйгээ баримтлаад ажиллавал энэ бол асуудал биш. Гаднын орнуудад ч бас ийм түүх байсан. Тиймээс манай улс хөгжлийнхөө замд явж байна уу даа л гэж хардаг.
- Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!