Уншиж байна ...

Сингапур улс долоо хоногийн дотор гурав дахь хар тамхины гэмт хэрэгтнээ цаазаллаа

Т.Давааням, ikon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сингапур улсын эрх баригчид энэ долоо хоногт хар тамхины гэмт хэрэг үйлдсэн гурван хүнийг дараалан цаазалжээ.

Хамгийн сүүлд тус улсад 57.43 грамм героин нэвтрүүлэхийг завдсан 55 настай Росман Абдуллаг цаазалсан тухай Баасан гарагт хууль сахиулагчид мэдээлсэн байна.

Сингапурын иргэн Росманыг хуулийн дагуу шалгаж, зохих ялыг оноосноо тус улсын Хар Тамхитай Тэмцэх Төв Товчоо мэдэгджээ.

“Их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлж, зөвхөн мансууруулах бодист донтогчдод төдийгүй тэдний ар гэр, нийгэмд ноцтой аюул учруулсан гэмт хэрэгт цаазын ял оноодог юм” гэж тус байгууллага тайлбарласан байна.

НҮБ-ын шинжээчид Росманы цаазын ялыг цуцлахыг Сингапурын эрх баригчдад уриалж, ингэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нөлөөлөхгүйг анхааруулж байсан юм. Мөн Росманы сэтгэцийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг уриалж байжээ.

Гэвч Сингапурын эрх баригчид үүнийг үл хэрэгсэн цаазын ялыг төлөвлөсний дагуу гүйцэтгэсэн байна.

Эмнести Интернэйшнл хүний эрхийн байгууллага Росманыг цаазалсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Чани шоронд Росманыг дүүжлэхээс яг нэг долоо хоногийн өмнө ижил гэмт хэрэг үйлдсэн Малайзын 39 настай иргэн, Сингапурын 53 настай иргэнийг нэг өдөр цаазалсан юм.

Хэдийгээр дэлхийн банк, санхүү, бизнесийн томоохон төв болдог, өндөр хөгжилтэй, орчин үеийн улс боловч Сингапур нь хар тамхины гэмт хэрэгт хатуу ханддагаараа Хятад, Умард Солонгостой ижилсдэг.

Тус улсын хуулиар 500 граммаас дээш хэмжээтэй каннабис, 15 граммаас дээш хэмжээтэй героин хилээр нэвтрүүлэхийг завдвал цаазын ял оноодог юм.

Цар тахлын улмаас завсарлаад байсан цаазын ял гүйцэтгэлээ Сингапурын эрх баригчид 2022 оны гуравдугаар сард сэргээсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 24 хүнийг цаазалжээ. Эдгээрийн наймыг нь энэ онд гүйцэтгээд байна.

 

Эх сурвалж: Aljazeera