Уншиж байна ...
Зураг
Зураг

"АНУ-д зорчоод буцаж ирсэн, ирээгүй монгол аялагчдын өмнөх түүх виз олголтод ихээхэн нөлөөлдөг"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Хариуцлагатай аялцгаая”-II мэдээлэл сурталчилгааны аяныг зохион байгуулахтай холбоотой мэдээллийг Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-наас танилцууллаа. 

Тус аян нь Монгол улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд

  • АНУ, БНСУ-ын визийн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах, зөв мэдээлэл түгээх
  • АНУ, БНСУ-ын визийн мэдүүлэгт залилан мэхлэх, санаатайгаар төөрөгдүүлэх зөрчлийн тархалтыг бууруулах, хууль бус виз зуучлагч, бичиг баримт хуурамчаар үйлдэгч нарын талаар мэдээллийг олон нийтэд ухуулах, мэдлэгийг дээшлүүлэх зорилготойг мэдээлсэн. 

АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган "Энэхүү аян нь Монгол Улс болон түүний гуравдагч хөршүүд болох АНУ, Өмнөд Солонгос хоорондын албан ёсны харилцааг хөндөж буй ч гол зорилго нь өдөр тутамдаа аялагч нарын тогтоож байдаг иргэд хоорондын харилцаанд чиглэж байна.

Бид АНУ-д хууль ёсны зочдыг талархан хүлээж авдаг.

Мөн сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ-д зочлох хүсэлтэй монголчууд урьд урьдынхаас олноор нэмэгдэж байгаад бид бахархалтай байна.

Тухайлбал өнгөрсөн 12 сарын хугацаанд АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс Монголын иргэдэд 18,000 орчим виз олгосон байна.

Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр энэ оны тавдугаар сарын байдлаар АНУ-д 3,000 монгол оюутан суралцаж байгаа нь өмнөх оны 2,700-оос ахижээ.

2024 онд 800 гаруй оюутан F1 виз, олон улсын солилцооны төрөл бүрийн хөтөлбөрийн 2,000 гаруй зочид J1 виз авчээ. Эдгээр тоо нь өсөлт харуулж байгаа ч Монголд дахиад олон хүн АНУ-д зорчих виз авахад хялбар байгаасай гэж хүсэж байгааг бид ойлгож байна.

АНУ-д зорчоод буцаж ирсэн болон ирээгүй монгол аялагчдын өмнөх түүх виз олголтод ихээхэн нөлөөлдөг

Өнөөдөр виз мэдүүлэгч АНУ-ын визийн шалгуурыг хангах эсэхийг үнэлэхэд тэрхүү мэдээлэл нөлөөлнө.

Монголчууд АНУ болон бусад улс руу зорчих явдлыг хөнгөвчлөхийн тулд хариуцлагатай зорчих шаардлага хүн бүрд тавигдаж байна. Хэрхэн илүү ухаалаг, илүү хариуцлагатай аялах вэ? Энэ бол энэ аяны гол зорилго юм.

Илүү олон хүн хариуцлагатай аялах тусам гарах өөрчлөлтүүд нь ирээдүйд Монголын виз мэдүүлэгчдийн үнэлгээнд эерэг нөлөөлнө" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Хариуцлагатай аялна гэж юу гэсэн үг вэ? Энэ нь зорьж очсон улс орныхоо хууль тогтоомжийг дагаж мөрдөхийн тулд өөрийн хийх үйлдлүүдийг бодож цэгнэнэ гэсэн үг.

Зарим хүмүүс визийн хугацаагаа хэтрүүлэх, тэр дундаа АНУ-д зөвшөөрөлгүй ажиллах зэрэг нь зөвхөн тэдэнд төдийгүй ирээдүйд тэдний найз нөхөд, гэр бүл, элэг нэгт иргэдэд муу үр дагавартай.

Буруу сонголт хийвэл цаашид бусдын аялах, зорчих асуудлыг ч хүндрүүлнэ. Учир нь буруу сонголт хийснээр тодорхой хугацаанд, хууль ёсны зорилгоор зорчих виз авахдаа түүнтэй хамт дагалдаж ирсэн итгэлийг зөрчиж байна гэсэн үг.

Энэхүү аяны хүрээнд тавих бидний зорилго бол хариуцлагатай аялах нь юу гэсэн үг, яагаад чухал болохыг олон нийтэд таниулах явдал юм.

Визийн журам нь нарийн төвөгтэй бөгөөд хариуцлагатай зорчих гэдэг нь үнэхээр юу гэсэн үг болохыг ойлгоход заримдаа хэцүү байж магадгүй. Өнөөдөр бидний нээж буй олон нийтэд зориулсан сурталчилгааны зарууд нь аялагчдад “хариуцлагатай аялцгаая” гэж уриалахдаа бид яг юу хэлэх гээд байгааг нийт монголчуудад илүү сайн ойлгуулах зорилготой юм.

Хүн бүр ойлголттой байж, хариуцлагатай аялах юм бол монголчууд АНУ-д зочлоход илүү амар хялбар байх болно. Учир нь, хууль тогтоомж зөрчихгүйгээр аялж, тэр дундаа аяллын хууль ёсны зорилго нь дуусмагц цагтаа эх орондоо буцаж ирэх нь итгэлцлийг бий болгодог.

Сүүлийн хоёр жил АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллахдаа бахархалтай байна. Миний болон АНУ-ын Элчин сайдын яамны эрхэм зорилго бол манай хоёр орны харилцааг бэхжүүлэх явдал юм.

АНУ руу аялах нь үүний чухал хэсэг юм. Бараа бүтээгдэхүүнээ зарах гэсэн Монголын бизнес эрхлэгч, эсвэл үр хүүхэд, ач зээ нартайгаа уулзах гэсэн эцэг эх, АНУ-ын их дээд сургуульд суралцаж буй оюутнууд, Гөүлден Гэйт гүүр, эсвэл Эрх чөлөөний хөшөөг үзэхийг хүссэн аялагчид аль нь ч бай манай хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд тусалж байдаг" хэмээн хэллээ.