Уншиж байна ...
Зураг
Зураг

Л.Мөнхтүшиг: Нэг хүний хариуцлагагүй үйлдэл нь гурван сая монгол хүний гадаадад зорчих эрхийг зөрчдөг

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Хариуцлагатай аялцгаая”-II мэдээлэл сурталчилгааны аяныг зохион байгуулахтай холбоотой мэдээллийг Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-наас танилцууллаа. 

Тус аян нь Монгол улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд:

  • Аялагчдад визтэй холбоотой хууль, дүрмийг зөрчих нь тухайн иргэний гэр бүлийн гишүүд болон эх орон нэгтнүүдийнхээ ирээдүйд виз авах чадварт хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг анхаарч үзэхийг уриалах,
  • АНУ, БНСУ-ын визийн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах, зөв мэдээлэл түгээх,
  • АНУ, БНСУ-ын визийн мэдүүлэгт залилан мэхлэх, санаатайгаар төөрөгдүүлэх зөрчлийн тархалтыг бууруулах, хууль бус виз зуучлагч, бичиг баримт хуурамчаар үйлдэгч нарын талаар мэдээллийг олон нийтэд ухуулах, мэдлэгийг дээшлүүлэх зорилготойг мэдээлэв. 

Манай улсын иргэдийн визийн журам зөрчихтэй холбоотой сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг дараах хариултыг хэллээ. 



Тэрбээр "Өнөөдрийн байдлаар манай улсын энгийн гадаад паспорттой иргэд дэлхийн 30 улс руу визгүй зорчиж байна.

Энэ тоог нэмэгдүүлэх, визтэй орнуудад зорчих, бүрдүүлж байгаа визийн материалыг цөөлөх зэргээр шаардлагыг хөнгөвчлөх ажил нь Монгол улсын Засгийн газар, Гадаад Харилцааны Яамны чухал чиг үүрэг.

Виз мэдүүлэхэд тодорхой шаардлагууд тавигддаг. Улс орон болгон харилцан адилгүй шаардлагатай.

Манай улсын зарим иргэн хуурамч материал бүрдүүлэх зэргээр виз мэдүүлж байгаа нь олон хүндрэлийг учруулдаг. Тухайлбал виз олгох процесс буюу виз олгохоор шалгаж байгаа гадаад улсын консулуудад хүндрэлтэй" гэлээ. 

Тэгвэл хүндрэл ямар байдлаар илэрч байна вэ? 

Энэ тухайд "Монгол улсын зарим иргэний мэдүүлж байгаа материалд итгэх "итгэл" нь сулардаг. Улмаар шалгах процесс удааширдаг.

Тэр утгаараа нэг хүний хариуцлагагүй үйлдэл нь гурван сая монгол хүний гадаадад зорчих эрхийг зөрчдөг юм.

Иймээс “Хариуцлагатай аялъя” мэдээлэл сурталчилгааны аянаар дамжуулан иргэдэд зөв мэдээлэл өгөх, хариуцлагагүй байгаа хүмүүсийг ухамсартай байгаасай гэж соён гэгээрүүлэх аян юм.

Бид анх 2017 онд АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран тус аяныг эхлүүлж байсан. Тодорхой жишээ яривал, нэг жилийн аяллын визээр АНУ-д зорчоод визийн хугацаагаа хэтрүүлдэг байсан дүн 2017 оны сүүлээр есөн хувьтай гарсан. Нэг жилийн дараа “Хариуцлагатай аялъя” аяны үр дүнд 3.9 хувь руу буурч ирж байсан юм.

Энэ нь АНУ-ын хувьд онцлог ховор тохиолдол байсан. Тухайн үед АНУ-ын Элчин сайдын яам манай улсын ГХЯ-тай хамтарч хийсэн хамтын ажиллагаа нь дэлхийд жишиг боллоо гэж дүгнэж байсан.

Монгол иргэд олноор зорчдог БНСУ-ын Элчин сайдын яам болон Монгол, Америк, Солонгос хамтын ажиллагааг эхлүүлж байсан. Харамсалтай нь цар тахлын улмаас хил хаагдан, зорчих асуудал хойшилж байсан удаатай. 

Тэгвэл 2024 онд “Хариуцлагатай аялъя 2” аяныг дахин эхлүүлж байна. Ингэснээр монгол иргэдийн визийн зөрчлийн бууруулах, виз мэдүүлэхдээ хүлээх хугацаа эсвэл гадаадад виз мэдүүлээд татгалзаж байгаа хувийг багасгахад онцгой чухал ач холбогдолтой. 

Энэ аяны хүрээнд олон ажлыг хийнэ. Эхний ээлжид хууль тогтоомж зөрчихгүй байхыг уриалъя. 

Аялал, бизнес, эрүүл мэнд, хүмүүнлэг зэргээр визийн ангилал харилцан адилгүй. Визийн ангилал болгонд нарийвчилсан судалгаанд суурилсан шийдвэр гаргах ажлуудыг хийнэ. Үе шаттай, тогтмол хэрэгжүүлэх ажил" гэж мэдээлэл өглөө.