ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлаж буй Умард Солонгосын цэргүүд тун удахгүй тулаанд орох гэж байгааг Пентагоны тэргүүн Ллойд Остин өчигдөр мэдэгджээ.
Бямба гарагт Фижи улсад хийсэн айлчлалынхаа үеэр хэлсэн үгэндээ тэр 10,000 орчим цэрэг одоо Украинтай хил залгаа Курск мужийн нутагт байрлаж, Оросын армид нэгдэх бэлтгэл сургалтад хамрагдаж байгааг мэдээлсэн байна.
“Бэлтгэл сургалтын үе шат, Оросын армийн бүрэлдэхүүнд нэгтгэгдэх үйл явц дээр үндэслээд бид тэднийг удахгүй тулаанд орно гэж тооцоолж байна” гэж Остин энэ үеэр хэлжээ.
Өнөөдрийг хүртэл Умард Солонгосын цэргүүд фронтын шугам дээр идэвхтэй тулаанд оролцсон талаар ямар нэг баталгаатай мэдээлэл олдоогүй байгааг тэр нэмж хэлсэн байна.
Пёняны дэглэм цэргийн хүчээ илгээсний хариуд ОХУ-аас газрын тос, агаарын довтолгооноос хамгаалах пуужин, эдийн засгийн тусламж дэмжлэг авсан байх боломжтойг Өмнөд Солонгосын албаныхан Пүрэв гарагт мэдээлсэн юм.
Украины хяналтад байгаа Курск мужийн газар нутгийг чөлөөлөхийн тулд Оросын эрх баригчид 50,000 орчим цэрэг бүрдүүлээд буйг Киевийн албаныхан бас мэдээлж байгаа.
Үүнд Умард Солонгосын цэргийн хүч багтаж байгаа юм.
Фронтын шугамын Донецкийн хэсэгт гол хүчээ төвлөрүүлээд байгаа Украины арми наймдугаар сарын эхээр ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрт цөмөрч, багагүй хэмжээний газрыг хяналтдаа оруулсан.
АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп дайныг дуусгах саналаа танилцуулахаас өмнө Оросын тал Курск мужаас Украины цэргийн хүчийг гаргаж, хэлэлцээний ширээний ард суухад өөртөө давуу тал үүсгэх зорилготой гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!