ОРГИЛУУН НАСНЫ НЭРИЙН ХУУДАС: Улаанбаатараас Парис, Америкаас Австрали хүртэлх монгол залуус

СУРТАЛЧИЛГАА
3 минутын өмнө
Сурталчилгаа
Улс төрийн маргаан, үнэ ханш, хэрүүл уруул, хэрэг төвгийн талаарх мэдээллээс залхаж байгаа бол энэ өгүүллийг уншаарай. Улаанбаатараас дэлхийг нээж, дэлхийд гарч, дэлхийн жишгээр ажиллаж, амжилтад хүрч байгаа ОРГИЛУУН сэтгэлтэй залуусын төлөөллийг “ОРГИЛУУН” брэнд танилцуулж байна. Ийм залуус олон бий. Бүр ч олон болно.

Энэ хавар Италийн Флоренцид болсон Gucci брэндийн загварын 7 хоногийн албан ёсны аялгуу өвөрмөц содон боловч чихэнд нэг л танил дотно гэмээр байлаа. “Celine Dessberg хэмээх дуучин, ая зохиогч бүсгүйн хөгжим шалгарч сонгогдсон нь энэ ээ” гэж зохион байгуулагчид нь мэдэгдэв. Этно жааз хэв маягаар дуулдаг тэрхүү залуу авхай саяхан Улаанбаатар, Бээжин, Шанхайд тоглолтоо хийлээ. Энэ сард Лондонд Эзэн хааны их наадмын ордон (The Royal festival hall)-д,  ирэх намар Норвегийн нийслэл Осло хотноо тоглох хуваарьтай.

зураг
 

Юун бүсгүй, ямар шинэ од хаанаас гэнэт ОРГИЛОН гараад ирэв ээ? Celine Dessberg бол франц, монгол, англи хэлээр бүтээлээ туурвидаг Сэлэнгэ хэмээх монгол дуучин юм. Бага нас нь Улаанбаатар, Парист өнгөрсөн түүний тухай The Guardian сонин “Өрнө дорнын соёлын огтлолцол болсон ОРГИЛУУН, өвөрмөц, сайхан аялгуу та бидний хувьд нээлт болж байна. Сонгодог маяг, эрт цаг, орчин үеийг нэгэн зэрэг мэдэрнэ” гэж тодорхойлжээ

-Бага байхаас л эмээ минь үргэлж “Миний охин монгол хэлээ сайн сураарай, монгол өв соёлоо Францад, дэлхий дахинд түгээж яваарай” гэж захидаг байсан. Хоёр жилийн өмнө бол би хамгийн доод, уналтын цэгтээ оччихоод аргаа барж байсан үе. Дууны шалгаруулалтад ороод ерөөсөө тэнцдэггүй. “Миний дуу хөгжим хүмүүст хүрдэггүй юм болов уу?” гэж бодоод, орхих хаях бодол хүртэл орж ирнэ.

Тэгсэн чинь хоёр сарын дараа бүх юм ёстой орвонгоороо эргэсэн. Тэр үед би Парист нэг номын дэлгүүрт ажилладаг байсан юм. Гэнэт л нэг өдөр надтай хамтран ажиллахыг хүссэн маш олон дуудлага, мэйлүүд ар араасаа ирсэн. Тэгж би номын дэлгүүрийн ажлаа орхиж, дуу хөгжимд бүхнээ зориулахаар ОРГИЛУУН насны мөрөөдөлдөө LOCK IN хийсэн гэж Celine Dessberg буюу Сэлэнгээ ярьж байна.

Англи хэлний Lock in гэх үг шууд утгаараа цоожлох, түгжих. Харин аман ярианд “төвлөрөх”, “дайчлах”хэмээх шилжсэн утга илэрхийлдэг. Зорилгодоо төвлөрч, бүхий л зүйлээ дайчлан тэмцэх гэсэн үг. Чухам л мөрөөдөл зорилгодоо бүхнээ төвлөрүүлэн дайчилж, LOCK IN болгосон дараагийн монгол залууг танилцуулъя.

зураг
 

Ёстой л ид хорин гурван насан дээрээ эрвэлзэнхэн яваа түүнийг Ганхуягийн Дөлгөөн гэдэг. "SG Apes" багийн гишүүн, 2 метр 2 сантиметр өндөртэй Г.Дөлгөөн Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын "Шилдэг хамгаалагч" шагнал хүртсэн. Бөхийн хорхойтнууд түүний аав, улсын арслан Д.Ганхуяг агсныг анддаггүй байсан бол сагсан бөмбөг сонирхогчид Дөлгөөн гэх нэрийг сайн мэднэ. Монголд төдийгүй алс Америкт, Охайо мужийн Дэйтон хотод хүртэл шүү. АНУ-ын ISA сагсан бөмбөгийн академийн урилга авсан, Дэйтон хотын Centerville Elks Athletics ахлах сургуулийн багийн тоглогч байсан учраас тэр. ОРГИЛУУН амжилтынхаа тухай Г.Дөлгөөн ингэж ярив.

-12 настай байхад байрны гадаах ганц шийт, хуучирсан бөмбөгнөөс хамаг юм эхэлсэн дээ. Би сагсан бөмбөгийн спортод хайртай мянга мянган хүүхдүүдтэй л адилхан нар жаргахыг ч анзааралгүй өдөржин тоглодог байсан. Яг тэр л талбай дээр миний мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин болох ОРГИЛУУН их хүсэл мөрөөдөл эхэлсэн. Японд, дараа нь Америкт очиход бүх юм шал өөр. Өндөр түвшний өрсөлдөөн, асар их хөдөлмөр... Гэхдээ ахлах сургуулиа төгсөхөд надад нэг ч их сургуулиас оffer гэдэг тэтгэлгийн санал ирээгүй. Урам хугарсан уу гэж үү? Мэдээж. Гэхдээ би зогсоогүй.

Тэр хүнд үед би өөртөө итгэх итгэлээ, амжилтад хүрэх хүсэлдээ Lock In хийсэн. Бусад нь амарч байхад би бэлтгэлээ үргэлжлүүлж, бусад нь эргэлзэж байхад би зүтгэсэн. Миний дотор галт уул шиг оргилж байсан ОРГИЛУУН хүсэл намайг өдөр бүр сахилга баттай, тууштай байлгаж чадсан. Өнөөдөр би мэргэжлийн түвшинд тоглож байна. Энэ бүхэн миний дотроос оргилж байсан хүсэл мөрөөдлийн үр дүн.

зураг
 

Хөгжим аялгуугаа дэлхийд хүргэж яваа Сэлэнгэ, бөмбөг бөөрөнхий ч зорилго шулуун гэдгийг нотлож буй Дөлгөөн хоёрынхоос огт ондоо ажил эрхэлдэг дараагийн залууг маань Г.Эрдэнэцогт гэдэг. Гэхдээ Эрдэнэцогт гэх энэ нэр эзнийхээ тухай танд нэг их юм өгүүлэхгүй л болов уу. Харин ErkaSt гэж интернет орчинд хайлт хийвэл цахим спортын тод одын тухай үй олон мэдээлэл дэлгэцнээ хөврөх болно. 31 настай ErkaSt (Г.Эрдэнэцогт) бол өөрийнхөө гарын үсэгтэй стикерийг дэлхийн цахим спорт CS:GO (Counter-Strike: Global Offensive)-д гаргасан анхны монгол тамирчин юм. Г.Эрдэнэцогт мөн Австралийн FlyQuest багийг өнгөрсөн жил дасгалжуулж байжээ. 

Гэхдээ ОРГИЛУУН мөрөөдлөө дөтлүүлж яваа өнөөдрийн ErkaSt-ийн зам хүссэн шиг нь шулуун дардан байсангүй. “Counter Strike бол миний ер нь бүх юм. Эргээд харахаар компьютерын өмнө 17 650 цаг буюу бүтэн хоёр жилийг зарцуулсан байдаг. Залуу насныхаа ихэнх хугацааг үүнд л зориулж, өөрийгөө алдах шахаж, нийгмээс тусгаарлагдсан юм шиг хэчнээн хэцүү байсан гээч” гэж тэр өнөөдөр ярьж байна. 17 650 цаг бол үнэхээр л 735 өдөр буюу яг хоёр жил.

- Австралид сургуулиа төгсөх жилээ тэмцээнд яваад, шалгалтаа өгч чадалгүй уначихсан. Хичээл үү, e-sport уу гэдэг хэцүү сонголтын өмнө ирээд ээжтэйгээ ярилцсан юм. Ээж маань залуудаа хувцас оёж, загвар зохион бүтээгч болохыг хүсдэг байсан ч нэг л мэдэхэд залуу нас, мөрөөдөл хоёр нь замхран алга болсон гэдэг. "Хүсэж мөрөөдсөн зүйлээ хийж чадаагүй харуусал бол амьдралын хамгийн хүчтэй өвдөлт байдаг" гэж ээж надад хэлсэн. Тэр үед л би дэлхийн тавцанд монгол тоглогчийн анхны стикерийг гаргах ОРГИЛУУН мөрөөдөлдөө эргэлт буцалтгүй Lock In хийсэн.

Эцэст нь 2019 онд Монголоосоо анх удаа дэлхийн аваргын Major тэмцээнд оролцож, өөрийнхөө нэртэй стикерийг харсан тэр хором... Баярт мөчөө хуваалцахад цахим ертөнцөөр дүүрэн "Монгол тугтай, монгол тоглогчийн анхны стикер гарлаа!" гэсэн бахархлын комментууд ар араасаа цувраад л… Амьдралын минь хамгийн ОРГИЛУУН мөч байсан гэж тэр хэллээ.

зураг
 
зураг
 
зураг
 

Сэлэнгэ, Дөлгөөн, Эрдэнэцогт... Тэд бол орчин үеийн монголчууд. Тэд бол ОРГИЛУУН насаараа нэрийн хуудас хийсэн шинэ цагийнхан. Шантарч няцалгүйгээр хүсэл зорилгодоо хүрсэн монгол залуус. Хүсэх тэмүүлэл нь хүчтэй, очих ирээдүй нь ОРГИЛУУН байг.

 

Нийтлэл бичсэн: Б.ХАТАН-ЭРДЭНЭ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.