Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсжээ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг тогтмол судалж, тодорхой арга хэмжээ авч байгаа талаар дараах мэдээллийг өглөө. 

Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, ял шийтгэлийн байдлыг сүүлийн 5 жилээр судалж Тагнуулын байгууллага, Хар тамхитай тэмцэх албатай хамтран энэ оны эхэнд “Хар тамхи, мансууралтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөмж гаргасан байна. 

Дээрх зөвлөмжид хар тамхи, мансууралтай тэмцэх талаар Олон Улсын гэрээ конвенц, эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээ, шүүхийн практик, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал, прокурор, мөрдөх байгууллага хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг агуулгыг тусгаж, хэрэгжилтийг  хангуулан ажиллаж байна.

Зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын байдлаар 104 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдуулан 193 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас дийлэнх буюу  55 хувь нь 18-30, 38 хувь нь 31-44 насны иргэн байгаа бол 20 хувь нь эмэгтэйчүүд байна.