Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Уг хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав.
Тэрбээр "Монгол Улсын иргэдийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа нь маш сайн үзүүлэлт. Амьдралын чанар сайжирсан гэсэн үг.
Тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байгаа тул тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгаа. Өмнө нь гурван залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байсан бол одоо хоёр залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байна. Харин 2050 он гэхэд 1:1 болж, тэтгэвэр амьдралд хүрэлцэх нь улам багасна. Иймээс тэтгэврийг тогтолцооны хувьд шударга болгох шаардлагатай.
Илүү олон жил шимтгэл төлсний үр шим хаана байгааг иргэд үргэлж асуусаар байдаг. Бага цалинтай бол хэдэн ч жил төлсөн баталгаа муу, бага тэтгэвэр авдаг. 25 жил ажилласан байлаа ч 20, 30 жил ажилласантай ижил хэмжээний тэтгэвэр авдаг нь шударга биш юм. Тэтгэвэр ялгаагүй байхаар хүнд илүү олон жил хөдөлмөрлөж үр шимийг нь хүртэх сэдэл төрдөггүй. Иймд бидний шинэчлэл нийгмийн даатгалын хамрагдалтын хүрээг тэлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой.
Манай улсад 504 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаа. Эдгээр иргэнээ 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана. Баталгаат тэтгэвэр нь хэдэн жил шимтгэл төлснөөс хамаарч ялгаатайгаар тогтдог. Жишээлбэл 10 жил ажиллаад 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол баталгаат тэтгэврийн хэмжээ нь 150,000 төгрөг. Гэх зэргээр үечлэлтэйгээр зөрүүг арилгах бодлогыг санал болгож байна.
Баталгаат тэтгэврийн хэмжээ
Түүнчлэн 25 жилээс дээш жил ажилласан жил тутам 1.5 хувийн нэмэгдэл өгдөг байсныг 2 хувь болгоно.
35 жил ажилласан бол цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувиар тооцдог болгож, хөдөлмөр эрхлэх хугацааг дэмжинэ. Мөн эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал жил тутамд 4 хувиар нэмэгдүүлнэ. Жишээлбэл 57 насандаа тэтгэвэр гарах байснаа 60 нас хүртлээ ажиллана гэж сонговол тэтгэвэр нь 12 хувиар нэмэгдэх юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
