ТАНЫ МЭДЛЭГТ: Ямар тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгодог вэ?
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-ын Бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Бямбадуламын өмнө нь манай сайтад өгч байсан ярилцлагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тавигдах шалгуур үзүүлэлтүүд, ямар тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоодог талаарх мэдээллийг онцлон хүргэе.
Ярилцлагыг бүтэн унших: "Тэтгэвэр тогтоолгох иргэдийн 44% нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгодог. Тэтгэвэр авагчдын 54% нь доод хэмжээний тэтгэвэр авч байна"
22 ба түүнээс жил НДШ төлсөн эмэгтэй 55, эрэгтэй 60 настай иргэд 2025 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу нийтдээ 20 ба түүнээс дээш жилийн хугацаанд шимтгэл төлж ажилласан эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Гэхдээ 2018 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тэтгэвэр тогтоолгох нас болон шимтгэл төлж ажиллах доод хугацааг жил тутамд гурван сараар нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжиж буй юм.
Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гардаг
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмын дагуу
- олон хүүхэдтэй эхийн нөхцөл,
- хөдөлмөрийн хэвийн бус буюу хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж буй хүмүүс,
- мэргэжлийн урлагийн байгууллагын ажилтнууд болон малчид
- төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтад ажиллаж буй хүмүүс ердийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсээс 5-10 жилийн өмнө тогтоолгож байна.
Олон хүүхэдтэй эх нь 20-оос доошгүй жил шимтгэл төлж ажилласан, дөрөв ба түүнээс хүүхэд төрүүлж өсгөсөн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөн бойжуулсан 50 нас хүрсэн бол олон хүүхэдтэй эхээр тэтгэвэр тогтоолгох боломжтой болно.
Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж буй хүмүүсийн хувьд нийт шимтгэл төлсөн хугацаа нь 20-оос доошгүй жил байх ёстой бөгөөд хортой хүнд нөхцөлд ажилласан байх хугацаа нь 10-аас доошгүй жил байвал эрэгтэй хүн 50 настайдаа тэтгэврээ тогтоолгоно. Харин эмэгтэй даатгуулагчийн тухайд нийт ажилласан жил нь 20-оос доошгүй, хүнд хортой нөхцөлд ажилласан хугацаа нь долоон жил, зургаан сар байвал 45 настайдаа тэтгэврээ тогтоолгох эрх нь нээгдэнэ.
Малчид 20-оос доошгүй жил шимтгэл төлж, малчнаар 15-аас доошгүй жил ажилласан эрэгтэй 55 нас хүрээд, эмэгтэй бол нийт ажилласан хугацаа нь 20 жил, малчнаар ажиллах хугацаа нь 12 жил зургаан сар байвал 50 нас хүрээд тэтгэврээ тогтоолгох эрхтэй.
Хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж юу вэ?
Өөрөөр хэлбэл 10 ба түүнээс дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан 20 жил арай хүрэхгүй эдгээр хүн нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгоно. Гэхдээ төрсөн ондоо харгалзах өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хэд вэ гэдгээсээ шалтгаална. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох нас нь мөн жил тутамд гурван сараар хойшилж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
