Украины алсын тусгалын пуужин Оросын нутгийн гүнд байрладаг зэвсгийн үйлдвэрт тусжээ
Лхагва гарагийн шөнө Украины зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрийн гүнд оршдог зэвсгийн томоохон үйлдвэрт алсын тусгалын пуужингаар довтолсныг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.
Украины өөрийн зохион бүтээсэн FP-5 Flamingo далавчит пуужин хилээс 900 гаруй километрийн зайд, Чувашийн Бүгд Найрамдах Улсын Чебоксары хотод оршдог нисгэгчгүй онгоц, пуужингийн үйлдвэрт довтолсныг тэр мэдэгдэлдээ дурдсан байна.
Үүнээс гадна Оросын хяналтад байгаа Азовын тэнгисийн Мариуполь боомт, Самара муж дахь газрын тосны үйлдвэр, Хар тэнгист байсан “сүүдрийн флот”-ын хөлөгт агаараас довтолжээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Чебоксарын үйлдвэрт довтлох үеэр гурван хүн шархадсан гэнэ.
Сүүлийн саруудад Украины зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрладаг эрчим хүчний үйлдвэр, дэд бүтцүүдэд нисгэгчгүй онгоцоор эрчимтэй довтолж байгаа.
Гэхдээ ийм цохилтод пуужин ашигласан тохиолдол ховор байдаг.
ОХУ-ын батлан хамгаалах яам Лхагва гарагийн шөнө хэд хэдэн бүс нутагт Украины 326 нисгэгчгүй онгоцыг унагаснаа мэдээлжээ.
Нөгөө талд Украины зэвсэгт хүчин Оросын талаас харвасан 207 дроны 181-ийг унагасан ч 14 чиглэлд явуулсан 21 цохилтыг зогсоож чадаагүйгээ хүлээсэн байна.
Үүний улмаас Украины дөрвөн бүс нутагт хоёр хүн алагдаж, 26 хүн шархадсаны дотор хоёр хүүхэд байсныг орон нутгийн албаныхан мэдээлжээ.
Чебоксарын ВНИИР-Прогресс үйлдвэрт өгсөн Украины цохилтын талаар Зеленский сошиал хуудсаараа мэдээлэхдээ нисэж байгаа пуужин болон шатаж буй үйлдвэрийн дүрс бичлэгийг хавсаргасан байна.
Чувашийн захирагч Олег Николаев үйлдвэр цохилтод өртсөнийг баталсан ч учирсан хохирлын талаар дурдаагүй юм.
АНУ-ын Томахавк пуужинг орлуулах зорилгоор зохион бүтээсэн FP-5 Flamingo нь 1,150 кг цэнэгт хошууг 3,000 км хүртэл зайд хүргэх чадвартай гэгддэг. Энэ нь Москва зэрэг Оросын томоохон хотуудад хангалттай хүрэх зай юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
