О.Мөнхбаатар: Сэлбийн тохижилтын ажил санхүүжилтийн асуудлаас болж сүүлийн нэг сар зогссон

Д.Янжиндулам, ikon.mn
32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана, тохижилтын ажил сүүлийн сар гаруйн хугацаанд гацжээ.

Энэ тухай ажил гүйцэтгэгч “Силла” группийн захирал О.Мөнхбаатар “Сэлбэ голын тохижилтын ажлын хүрээнд далангийн зүлэгжүүлэлт, хоёр талын явган зам, хананы өнгөлгөө, хоёр талаар гэрэлтүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих пандусыг хийж байгаа. Гэвч сүүлийн нэг сар санхүүжилтийн асуудлаас болж ажил зогссон. Хуваарийн дагуу энэ сарын 30-нд ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч нэг сарыг алдлаа.

Манай компани хүний нөөц, тоног төхөөрөмж, техникийн хувьд хангалттай хүчин чадалтай” гэлээ.

Түүний хэлснээр Сэлбэ голын тохижилтын ажлыг 2025 оны есдүгээр сард эхэлсэн боловч тус оны санхүүжилтийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу олгоогүй байна. 

Хотын дарга Б.Пүрэвдагвын зүгээс Геодези Усны Барилга Байгууламжийн газарт санхүүжилтийг шилжүүлсэн. Ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж яаравчлан дуусгах шаардлагатай байна гээд чанаргүй ажлын гүйцэтгэлийг хот хүлээж авахгүйг мэдэгджээ.

Голын үерийн хамгаалалтын далан дагуу 1.4 км үргэлжлэх гадна болон дотор талын тохижилтын ажлын хүрээнд голын эргийн дагуу хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний зам, далангийн хажуугаар шороон дүүргэлт болон түшиц хана, гэрэлтүүлгийн кабель шугам гэрэлтүүлгийн шон, байгалийн чулуун хавтангаар явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан пандус, төмөр бетон хийцлэлтэй металл шат, хуучин явган хүний гүүрний засвар, хайс, хашлага байршуулах, зүлэгжүүлэлт, баруун түшиц хананы баруун талд геотор дэвсэж, хар шороогоор дүүргэх, түшиц хананы өнгөлгөө, тэгшилгээ, ус чийгээс хамгаалах уретон будгаар будах ажлыг гүйцэтгэх аж.

Үерийн даланг 2024 оны зургаадугаар сард барьж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын нийт төсөв 20.5 тэрбум төгрөг байна. Харин Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилтын ажилд нийслэлийн төсвөөс ₮6.2 тэрбумыг зарцуулахаар баталсан байгаа юм.