АНУ-ын зэвсэгт хүчин Ираны нутаг дэвсгэрт хоёр дахь өдрөө агаараас довтлов
Даваа гарагт Ормузын хоолой дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын армийн нисдэг тэргийг Ираны тал унагасанд буруутгагдсан билээ.
Маргааш нь АНУ-ын зэвсэгт хүчин хариу арга хэмжээний хүрээнд Ираны нутаг дэвсгэрт агаараас довтолсон.
Тэгвэл Лхагва гарагт Ираны нутаг дахь олон байрлалд дахин агаараас довтолсноо АНУ-ын цэргийн төв командлал мэдээлжээ.
Үүнийгээ “Ираны үндэслэлгүй, үргэлжилсэн түрэмгийллийн хариу” гэж тайлбарласан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн өдрүүдэд энхийн гэрээнд гарын үсэг зурахыг Тегераны эрх баригчдаас шаргуу шаардаж байгаа.
Энэ долоо хоногийн эхээр тэр энхийн гэрээг хэдхэн хоногийн дотор батлах боломжтой болсныг мэдэгдэж байсан.
Гэвч дэлхийн эрчим хүчний тээврийн чухал зам Ормузын хоолойг гартаа авсан Ираны тал тохиролцоонд хүрэх гэж яарахгүй байна.
НҮБ-д суугаа Ираны элч Амир Саеид “Иран улс хэзээ ч аюул занал, дарамт шахалтын дор хэлэлцээр байгуулж байгаагүй бөгөөд хэзээ ч үүнд бууж өгөхгүй” гэж өчигдөр аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн дайны улмаас газрын тосны үнэ өсөж, дэлхийн эдийн засгийг ноцтой хямруулаад байгаа.
Лхагва гарагт нэгж баррель түүхий газрын тосны олон улсын жишиг үнэ $93 давсан нь дайн эхэлснээс хойш 25 гаруй хувиар өссөн үзүүлэлт байлаа.
Ормузын хоолойг хаасны хариуд АНУ-ын тал тус хоолойгоос гарах болон орох Ирантай холбоотой тээврийн хөлгүүдийн хөдөлгөөнийг бүслэн хориглоод байгаа.
Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд Ираны боомтуудаас гарах 100 гаруй сая баррель газрын тосыг зогсоож чадсанаа Трамп саяхан мэдэгдэж байв.
Энэ бол дайн эхлэхээс өмнө Ормузын хоолойгоор таван өдөрт нэвтэрдэг байсан тээвэрлэлтийн хэмжээ юм. Гэхдээ Трампын хэлсэн тоог өөр эх сурвалжууд батлаагүй байна.
Лхагва гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Ираны газрын тосыг тээвэрлэн Ормузын хоолойгоос гарахыг завдсан Палау улсын далбаатай M/T Settebello хөлгийн хөдөлгүүрийн хэсэгт нарийвчилсан цохилт өгснөө мэдээлжээ.
Энэ нь бүслэлт эхэлснээс хойш АНУ-ын цохилтод өртсөн найм дахь ачаа тээврийн хөлөг болж байна.
Энэтхэгийн гадаад хэргийн яам уг хөлөг дээр байсан 21 хүн аврагдсан ч өөрийнх нь гурван иргэн сураггүй алга болсныг мэдээлжээ.
АНУ-ын цэргийн төв командлалын хэвлэлийн төлөөлөгч, ахмад Тим Хокинс хөлөг рүү гал нээхээсээ өмнө багийн гишүүдэд анхааруулсныг баталсан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
