Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд "унасан" хуулийн төслүүдээ хүчээр "босголоо"

А.Ням-Өлзий, iKon.mn
11 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.

Тус хуулийн төслийг Р.Сэддорж нарын 36 гишүүн дөнгөж өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хууль санаачлагчийн хувиар Р.Сэддорж гишүүн УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит мэдээллийн үеэр хуулийн төслийнхөө талаар цухас дурдаж байснаас өөрөөр энэхүү хуулийн тухай мэдээлэл хомс байв. Боловсруулах шатанд байгаа болон парламентад өргөн баригдаад буй хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэдэг d.parliament.mn сайтад ч уг хуулийн төслийн танилцуулгыг оруулж амжаагүй байна. 

Хуулийн төслийн агуулгын тухайд, малчин өрхийн хүүхдийг 6 настайд нь сургуульд оруулаад нэг болон хоёрдугаар ангийн хичээлийг гэрээс, зайнаас сургаж, гуравдугаар ангиас танхимаар сургадаг болох зохицуулалтыг тусгасан хэмээн хууль санаачлагч тайлбарласан. 

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжихгүй гэдэг кноп даржээ. Учир нь байнгын хорооны ирц хангалтгүй байсан бөгөөд санал хураалтад оролцоогүй гишүүнийг эсрэг санал өгсөнд автоматаар тооцдог. Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. 

Гэтэл хэсэг хугацааны дараа УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Энэ бол маш чухал хууль. Түрүүн санал хураалт явуулахад санал өгч амжсангүй. Тиймээс тухайн санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулж өгнө үү" гэдэг горимын санал гаргав. Уг саналыг гишүүд мэдээж дэмжсэн. 

Ингээд дахин санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн буюу 22 гишүүний 11 нь дэмжиж, нөгөө 11 нь татгалзчихав. Өөрөөр хэлбэл, дэмжсэн, дэмжээгүй тус бүр 50 хувийн санал авсан гэсэн үг. Энэ тохиолдолд санал хураалтыг дэмжээгүйгээр тооцдог. 

Ийнхүү байнгын хорооны хурал хэсэг саатсаны эцэст Б.Баярбаатар гишүүн горимын санал гаргаж дахин санал хураалт явуулснаар Р.Сэддорж гишүүний санаачилсан малчны хүүхдийг 8 настайгаас нь танхимаар хичээллүүлдэг болно гэх агуулгатай хуулийн төсөл арай гэж байнгын хорооны босго давав. 

Б.Жавхлан гишүүний ахалдаг Төрийн байгуулалтын байнгын хороо хоёр удаа унасан хуулийн төслийг арай гэж босгож цааш явуулахаар болсон нь энэ. 

Үүний дараа Б.Пүрэвдорж гишүүн намын даргынхаа санаачилсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай болон П.Мөнтулга нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн мөн л "босгуулах" горимын санал гаргав. Б.Пүрэвдорж гишүүний гаргасан горимын саналын дагуу өмнө нь "уначихсан" байсан О.Цогтгэрэл гишүүний өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл лав "босож" чадлаа. 

Харин П.Мөнтулга нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй санал хураалтыг хүчингүй болгуулахаар дахин санал хураалт явуулсан ч олонхын санал авч чадсангүй. 

Эцэст нь байнгын хорооны хурлыг маргааш өглөө /2026.06.11/ үргэлжлүүлэхээр болж завсарлууллаа. 

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахад гишүүд танхимд байгаагүйгээс эсрэг санал өгсөнд тооцогддог эсвэл тухайн хуулийн төсөл үнэхээр дэмжлэг авч чадаагүй гэх мэт асуудлыг араас нь горимын санал гарган хүчээр "босгодог" байдал өнөөдрийн парламентад хэвийн үзэгдэл болсон нь эндээс харагдав.