Украины дайнд оролцсон Оросын цэргүүдэд хилийн хориг тавих саналыг Европын Холбоо боловсруулжээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Москвагийн эрх баригчдын эсрэг авах дараагийн багц хориг арга хэмжээнд Украины эсрэг дайнд оролцсон Оросын цэргүүдэд хилийн хориг тавих санал тусгаснаа Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өчигдөр мэдэгджээ.

“Бид дайн эхэлснээс хойш Оросын зэвсэгт хүчинд алба хааж байсан хэнийг ч Европын Холбооны нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглох арга хэмжээг анх удаа санал болгож байна. Украиныг эзлэн түрэмгийлэхэд оролцсон хэн ч Европын орнуудад хөл тавих эрхгүй болно” гэж тэр хэлсэн байна.

Үүнээс гадна шинэ ээлжийн хориг арга хэмжээ нь Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлтөөс Орос улс ашиг хүртэх боломжийг хязгаарлах зорилго агуулжээ.

Тухайлбал Оросын түүхий газрын тосны баррель тутмын үнийг ирэх оны нэгдүгээр сарыг хүртэл $44-оор хязгаарлах, үүнийг хэрэгжүүлэхийн тулд Оросын “сүүдрийн флот” гэгчид багтдаг 30 тээвэрлэгч хөлгийг хар жагсаалтдаа нэмэхээр болсон байна.

Мөн Оросыг хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тусалдаг крипто платформууд, банкууд болон газрын тосны арилжаачдыг хар жагсаалтад нэмж, сагамхай загас, Аляскийн поллок загас зэрэг далайн гаралтай хүнсний импортод нь худалдааны хориг тавихаар болжээ.

Үүнээс гадна Оросын армид бүтээгдэхүүн нийлүүлдэг Хятадын эх газрын болон Хонконгийн нийт 14 компанид Европын Холбооноос бараа худалдаж авахыг хориглох юм байна.

Шинэ хориг арга хэмжээний саналыг одоо Европын Холбооны 27 гишүүн улсаар хэлэлцүүлж, бүгд санал нэгтэй дэмжсэн тохиолдолд хэрэгжүүлэх ажээ.

 

Эх сурвалж: Reuters