С.Гэрэлт-Од: UBcard-ын том хүний биет картыг 100 байршлын киоскоос авна. Хүүхэд, оюутных одоогоор худалдаанд гараагүй
Энэ оны тавдугаар сарын 2-ноос иргэд нийтийн тээврийн автобуснаас буухдаа төлбөрийн картаа төхөөрөмжид уншуулдаггүй болоод буй. Өөрөөр хэлбэл зөвхөн UBcard төхөөрөмжөөр зорчих төлбөрөө төлдөг болсон билээ.
Уг шинэчлэлтэй холбогдуулан төлбөрийн UBcard биет картуудыг шинээр гаргаснаа Нийтийн Тээврийн Бодлогын Газар цахим хуудсандаа нийтэлжээ. Гэхдээ картыг хаанаас авах нь тодорхойгүй байна гэсэн мэдээлэл ирсэн юм.
Энэ талаар "Улаанбаатар Смарт карт" ХХК-ийн бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Одоос тодотгож асуухад "UBcard-ын том хүний энгийн картыг 100 байршилд байршуулсан киоскоос, ахмад настныхыг есөн дүүргийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээс авна. Эдгээр биет карт бүгд 3,600 төгрөгийн үнэтэй.
Бусад төрлийн буюу UBcard-ын хүүхэд, донор, оюутан, хугацаатай карт одоогоор худалдаанд гараагүй.
Хуучин картны хувьд том хүний Umoney картыг CU сүлжээ дэлгүүрийн салбаруудаар, хүүхдийн картыг хэрэглэгчийн төвд худалдаалж байгаа. Хэрэглэгчийн төв Метромолл худалдааны төвийн урд Gem Castle оффисийн 10 дугаар давхарт байрладаг. Ирэх долоо хоногоос CU сүлжээ дэлгүүрийн бүх салбараар хүүхдийн биет картыг борлуулж эхэлнэ. Umoney картын нөөц бий.
Umoney картыг цэнэглэдэг гэрээт борлуулах цэгүүд татан буугдсан тул дээрх газруудаар худалдан борлуулж байна" гэлээ.
Шинэ картыг хаана үйлдвэрлэдэг тухайд "Нийтийн тээврийн төлбөрийн менежментийн систем Улаанбаатар хот" төслийн хүрээнд UBcard шинэ картыг гаднын улсад үйлдвэрлүүлж, зах зээлд гаргаж байгаа. Биет картыг хэчнээн тоогоор үйлдвэрлэснийг хэлэх боломжгүй" хэмээв.
UBCARD худалдан авах болон картаа цэнэглэх, нэг удаагийн зорчилтын тасалбар авах 100 киоск:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
