Дэлхийн анхны салхины эрчим хүчээр ажилладаг, усан доорх дата төв Хятадад нээгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн анхны салхины эрчим хүчээр тэжээгддэг, усан доорх дата төв Шанхайн эргээс холгүй ажиллаж эхэлжээ.

Хувийн HiCloud Technology болон Хятадын төрийн өмчит China Communications Construction компаниудын хамтран байгуулсан уг төв 24 мегаваттын хүчин чадалтай юм байна.

Дата төвийг Шанхай хотын эргээс 10 гаруй километрын зайд, далайн усны мандлаас 10 метрийн гүнд байрлуулж, ойролцоох салхины цахилгаан станцтай холбожээ.

Шинэ төв нь хуурай газар дээрх дата төвтэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээгээ 20 гаруй хувиар бууруулсан байна.

Энэ нь нэг талаас сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, нөгөө талаас серверүүдийнхээ хэт халалтыг байгалийн усны хөргөлтөөр хязгаарладагтай холбоотой ажээ.

Хуурай газрын уламжлалт дата төвүүдийн нийт эрчим хүчний хэрэглээний 25-40 хувь нь серверүүдийг хэт халалтаас хамгаалах зорилгоор хөргөсөн ус ашиглахад зарцуулагддаг байна.

Тиймээс уламжлалт дата төвүүд цэвэр усны өндөр хэрэглээтэй байдаг. Энэ долоо хоногт НҮБ-ын Ус, Байгаль орчин, Эрүүл мэндийн Хүрээлэнгээс гаргасан мэдэгдэлд 2030 он гэхэд дата төвүүдийн усны хэрэглээ 9.3 их наяд литр хүрэх бөгөөд энэ нь Сахарын цөлийн урд оршдог Африкийн орнуудын 1.3 тэрбум хүн амын нэг жилийн хэрэглээтэй тэнцэж буйг анхааруулсан юм.

HiCloud компани 2023 онд Хайнань арлын ойролцоо дэлхийн анхны усан доорх дата төвийг нээж байжээ. Гэхдээ Шанхайн төв нь салхины эрчим хүч ашигладгаараа анхдагч болж байна.

2018 онд Майкрософт компани Шотландын Оркни арлуудын орчимд анх удаа усан доорх дата төвийг туршилтаар ажиллуулж байсан юм. Хоёр жилийн дараа тус компани нааштай үр дүн гарсныг мэдээлж байсан ч цааш үргэлжлээгүй зогссон байна.

“Майкрософт уг концепц боломжтойг анх баталж байсан бол Хятад улс бодлогоор дэмжсэний хүчинд богино хугацаанд арилжааны төсөл болгож чадлаа” гэж Хонконгийн Политехникийн Их сургуулийн доктор Ханьжян Дон хэлжээ.

Хятад улс хиймэл оюун ухааны технологийг эдийн засаг, хөгжлийн стратегийнхаа гол тулгуур болгож буйг зарласан.

Үүний улмаас дата төвүүдийн тоог эрчимтэй нэмэгдүүлэх төлөвтэй байна. Тус улсын засгийн газар бас хиймэл оюуны дэд бүтцэд цэвэр эрчим хүчний ашиглалтыг 2030 он гэхэд мэдэгдэхүй хэмжээгээр нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Шанхайн дата төвд Хятадын засгийн газар 1.6 тэрбум юанийн ($236 сая) хөрөнгө оруулсан байна.

Усан доор дата төв байгуулах нь далайн ёроолын тунадсыг хөдөлгөх, усыг халаах зэрэг эрсдэл дагуулах боломжтой.

Мэргэжилтнүүд эдгээр эрсдэлийг зохицуулах боломжтой, гэхдээ хяналтаасаа гаргах ёсгүй гэж үзэж байна.

“Усан доор дата төв байгуулах нь зөв санаа байх магадлалтай. Далайн усыг хөргөлтөд ашиглах нь зарим хэсэгт температурыг нэмэгдүүлж болзошгүй ч нөлөө нь харьцангуй бага юм” гэж Английн Борнмутын Их сургуулийн тэнгисийн биологич, профессор Рик Стаффорд хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian