Пүрэв гарагт Оросын арми дуунаас хурдан “Орешник” тив алгасагч баллистик пуужингаар Украины Днипро хотод анх удаа цохилт өгсөн билээ.
Үүнийг Өрнөдийн холбоотнууд нийлүүлсэн алсын тусгалын зэвсгээ Оросын нутаг дэвсгэрийн гүнд ашиглахыг Украины талд зөвшөөрсний хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр ийм төрлийн зэвсгийг Украины нутагт дахин турших төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
“Бид эдгээр туршилтуудыг Орос улсад үзүүлж буй аюул заналын шинж чанараас хамааруулан тулааны талбарт үргэлжлүүлэх болно” гэж тэр зэвсэгт хүчнийхээ удирдлагуудтай уулзах үеэр хэлсэн байна.
Путин өчигдөр бас дууны хурднаас 10 дахин өндөр хурдтай гэгдэж буй уг шинэ зэвсгийг цувралаар үйлдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.
Орос улс үүнтэй ижил төстэй өөр шинэ зэвсгийн системийг хөгжүүлж байгааг энэ үеэр бас нэмж хэлсэн байна.
“Бид цувралаар үйлдвэрлэж эхлэх хэрэгтэй. Шийдвэр нэгэнт гарсан” гэж Путин хэлжээ.
“Өчигдөр туршсан зэвсэг нь Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын бас нэг чухал баталгаа юм” гэж мэдэгдсэн Путин дэлхийн өөр ямар ч улс оронд ийм пуужингийн технологи байхгүйг гайхуулан ярьсан байна.
Гэхдээ тэр бусад улс орнууд удахгүй ийм зэвсэгтэй болж чадахыг хүлээн зөвшөөрчээ.
“Тэд маргааш, нэгээс хоёр жилийн дараа ийм төрлийн зэвсэгтэй болж чадна. Харин өнөөдөр бидэнд байгаа нь хамгийн чухал” гэж тэр хэлсэн юм.
Пүрэв гарагт телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Путин алсын тусгалын зэвсгийг Украинд нийлүүлсэн АНУ, Их Британи улсуудын цэргийн байгууламжуудад Орос улс “Орешник” пуужингаар цохилт өгөх эрхтэйг анхааруулж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!