Уншиж байна ...

У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн хоригт зориулж зөвхөн нэг удаагийн дэг гаргах уу?

Н.Эрхбаяр, iKon.mn
3 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнөөдөр хүлээн авлаа. 

Тус хоригийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр гишүүн "Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Хууль зүйн байнгын хороо 100 хувийн саналаар дэмжсэн.

Байнгын хорооны хуралдааны үеэр ерөнхийлөгчийн хоригийг ямар горимоор хэлэлцэх дээр асуудал яригдсан. Тус хоригийг Ёс зүй, дэгийн байнгын хороон дээр хэлэлцэх юм байна.

Тус хороо ерөнхийлөгчийн хоригт зориулж зөвхөн нэг удаагийн дэг гаргах уу эсвэл цаашдаа мөрдөж явахаар дэг гаргах уу. Өнөөдрийн хоригийг тал талаас нь ярилцаж байгаад хүлээн авах байх гэж бодож байна. Цаашдаа иймэрхүү хууль эрх зүйн байдалтай холбоотой маргаантай асуудлыг тодорхой болгох хэрэгтэй" гэв. 

Түүний асуултад УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж "Хэрвээ УИХ ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хэрхэн яаж хэлэлцэх асуудлыг Ёс зүй, дэгийн байнгын хороо шийдэх ёстой. УИХ-ын есөн удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентад төсөвтэй холбоотой есөн удаа хориг тавьсан байдаг. 

Бүхэлд нь тавьсан зургаан удаагийн хорийг УИХ нэг ч удаа хүлээн авч байгаагүй. Хэсэгчилж тавьсан гурван удаагийн хоригийг нэг удаа буюу 2005 онд хүлээн авч байсан. Энэ үед УИХ-ын дэгийн тухай хууль байгаагүй. Дэгийг УИХ-ын тогтоолоор зохицуулдаг байсан. Ёс зүй дэгийн байнгын ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн яаж хэлэлцэх нэг удаагийн дэгийг тогтоолоор боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Тус тогтоолыг УИХ-ын гишүүдийн олонх нь баталбал тухайн хорооны боловсруулсан дэгээр ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд явна" гэж хариулав.

шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/1661627557902688