Уншиж байна ...

С.Батсайхан: Дарь-Эх орчимд өнгөрсөн зун эвдэрсэн үерийн хамгаалалтын сувгийг нөхөн сэргээж дууслаа

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх Ганц худгийн ам орчимд өнгөрсөн зун эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажил дууслаа. Үерийн хамгаалалтын далангийн бетон цутгалтын ажлыг ирэх оны хавар эхлүүлэхээр болжээ.

Энэ талаар "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын /ГУББГ/ Ерөнхий инженер С.Батсайхан "Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Ганц худгийн аманд үерээс хамгаалах инженерийн барилга байгууламжийг барих бэлтгэл ажил болгож газар шорооны, гурван ширхэг тунгаагуурыг үүсгэх ажил үргэлжилж байна.

ГУББГ-аас гурван механизм, 10 гаруй машин, 20 хүний бүрэлдэхүүнтэй бригад барилга байгууламжийг эхлүүлсэн бол одоогийн байдлаар 10 машин, экскаваторын тусламжтайгаар тунгаагуурын усан сангийн ажлыг хийж байна.

Харин Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд өнгөрсөн зун эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажил дууслаа. Үерийн хамгаалалтын далангийн бетон цутгалтын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ" гэв.

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх, Ганц худгийн ам буюу Жамсран уулын өвөр, Монел руу өгсөх зам дагуу сүүлийн жилүүдэд удаа дараа үер бууж, иргэд оршин суугчдад их хэмжээний хохирол учирсан. Тиймээс тухайн байршилд ус хуримтлуулах гурван сан бүхий 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийг хийж байгаа юм.