Монголын Сонгодог Дартсын Холбоо (МСДХ)-ны тамирчид энэ сарын 3-6-ны өдөр Тайванийн Тайпэй хотод болсон Дэлхийн Дартсын Холбооны Ази-Номхон далайн орнуудын насан хүрэгчдийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн, Өсвөр насны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцжээ.
Энэ тэмцээний талаар МСДХ-ны төлөөллүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг багийн төрөлд мөнгө, хос төрөлд дэд байранд орсон бол ганцаарчилсан төрөлд М.Алтантүлхүүр мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр эрэгтэй баг нийлбэр дүнгээр нэгдүгээр байр эзэлж, алтан цом, медалийн эзэд болсон юм.
Түүнчлэн эмэгтэй төрөлд анх удаа дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, бие даасан форматтай болсон юм. Энэ тэмцээнд эмэгтэй баг болон хосын төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний талаар холбооны төлөөллүүд "Энэ удаагийн тэмцээнд манай баг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 13 хүнтэй өрсөлдлөө. Тэмцээний хувьд гурван ангилалд зохион байгуулагдсан. Эрэгтэй эмэгтэй болон өсвөрийн ангилалд тамирчид оролцсон.
Ази-Номхон далайн орнуудын тэмцээнд анх удаагаа өсвөрийн ангилалд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог байлаа.
Өсвөрийн ангилалд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин өрсөлдсөн. Өсвөрийн эрэгтэй ганцаарчилсан төрөлд М.Тэлмэн аваргалсан бол Ж.Батболд хүрэл медаль, эмэгтэй ганцаарчилсан төрөлд М.Анхилуун хүрэл медаль хүртсэн бол хосын төрөлд М.Анхилуун, Ц.Эгшиглэн нар мөнгө, эрэгтэй хос болон холимог хос төрөлд мөн мөнгөн медаль хүртлээ.
Ази-Номхон далайн орнуудын цом өмнө нь Монголд байтугай Ази тивд ч ирж байгаагүй. Шинэ Зеланд, Австралийн баг цомыг эзэмшиж байсан бол энэ удаад манай тамирчид цом хүртлээ" гэж онцолсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!