Уншиж байна ...
Зураг
Зураг

НИТХ-ын зөвлөлийн гишүүд нийслэлд түүхий нүүрс хориглосон тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын/НИТХ/ Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний анхны хуралдаан өнөөдөр 85.7 хувийн ирцтэйгээр эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын ээлжит бус I  чуулган болж зөвлөлөө байгуулсан билээ.

Зөвлөлийн хуралдаанаар түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Монгол Улсын 62 дугаар тогтоолын  хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар, нийслэлийн 2025 оны төсвийн төсөл, нийслэлийн нүүрстөрөгчийн хий ялгарлыг цэвэр эрчим хүчээр солих замаар хүлэмжийн хийг бууруулах зарим арга хэмжээ зэрэг асуудлын талаар хэлэлцэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын уг тогтоолыг 2018 онд ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гаргаж байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга А.Амартүвшин танилцууллаа. 2023 оны байдлаар агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь ангилахад 55.6 хувь нь гэр хорооллоос, 28.9 хувь нь автомашинаас, 15.5 хувь нь бусад буюу усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан зэргээс үүдэлтэй байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд НЗДТГ болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар 2019 оноос өнөөдрийг хүртэл гэр хорооллын 200.000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэх, нөөцлөх, борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна гэв.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд 6 дэд төвийг байгуулж, 202,626 айлыг орон сууцжуулах, Эрчим хүчний найдвартай байдлыг хангахын тулд 2, 3 дугаар цахилгаан станцыг өргөтгөн, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын цахилгаан станцуудыг ашиглалтад оруулах, халаалтын зуухнуудыг шинэчлэх, төслийн хүрээнд зарим айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй холбох, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийг хэрэгжүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийг хийн хоолойд холбох зэрэг ажлыг хийж байгаа талаар мэдээлэл өглөө. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. 

зураг
 

Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга А.Баярт Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай өчигдөр өргөн мэдүүлжээ.

Ирэх оны төсвийн төслийн үндсэн чиглэл нь өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулахад чиглэсэн байна.

Дэд бүтцийн хүрээнд Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийж, авто замын түгжрэлийг 30 хүртэлх хувиар бууруулах, хэт төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин танилцуулж 2024 оны төсвийн орлого, зарлага, зарцуулалтын талаар мэдээлэл өгөв. Мөн төсвийн төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлан тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах нэгж тарифыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын Зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт авав.

Тухайлбал НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг ирэх оны төсөвт онцгой анхаарах, төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Сэргэлэнбаатар авто замын татвар, хураамжийг нэгдсэн байдлаар тогтоохоос илүүтэй хөдөө, орон нутгийн гэдэг ч юм уу их, бага км явснаас хамаарч тогтоох, төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө зуслангийн товчоо байгуулах хөрөнгө эх үүсвэрийг тусгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тодорхой ажлуудад хөрөнгө оруулалт хэрхэн хийгдэх, тодорхой зардал тусгасан талаар тодруулж, санал хэллээ.

Мөн төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилах төсвийг ач холбогдлоор нь эрэмбэлэх, чанарыг дээшлүүлэхэд анхаарах, төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Г.Ууганбаяр баригдсан барилга байгууламжид хөрсний ус гарч ирж буй асуудлыг шийдвэрлэхэд тодорхой төсөв суулгахгүй эргээд асуудал үүсэх вий зэрэг саналыг Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд суулгах талаар санал гаргав.

Улаанбаатар хотод нүүрстөрөгчийн хий ялгарлыг цэвэр эрчим хүчээр солих замаар хүлэмжийн хийг бууруулах талаар авах арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга А.Амартүвшин танилцуулж, Зөвлөлийн гишүүд асуудлыг хэлэлцэж, санал хэллээ.

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээ, нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай, газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, ТУЗ болон УЗ-ийн гишүүдийг томилох тухай, НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргыг батлах тухай, ээлжит бус I хуралдаанаас буцаагдсан асуудлыг хэлэлцэж, санал солилцон НИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцэхийг 100 хувийн саналтайгаар дэмжигдэв.

Түүнчлэн хуралдааны төгсгөлд НИТХ-ын ээлжит бус II хуралдааныг 11 дүгээр сарын 29-нд товлолоо.