Богд Зонховын дүйчин Зулын 25-ны их ёслол 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганд болох юм.
Энэ өдрийг тохиолдуулан тус хийдийн Нийгэм, Олон нийтийг хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх шашны Дээд сургуулийн багш Б.Соронзонболд болон Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд нар мэдээлэл өглөө.
Энэ жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар А.Батцэнгэл "Өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг "Зулын 25"-ны их дүйчин өдөр тохиодог. Энэ жилийн хувьд ирэх Даваа гарагт болно.
Зулын 25-ныг тохиолдуулж Ням гарагт "Эрдэм бүхний суурь номын айлдвар" Дэд хамба лам, гавж С.Гантөмөр айлдана. Үүгээр Богд Зонхов ямар сургаал айлдсан, амар амгаланд хүрэхийн тулд яах ёстой гэх мэт ойлголт авна.
Үргэлжлүүлээд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж энэ өдөр номын айлдвар айлдаж, сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээнэ.
Бүтэн өдрийн хугацаанд бид өөрсдийн дотоод сэтгэлээ хянах боломжийг өгч байгаа юм.
Мөн 15:00 цагаас Зулын 25-ны ёслолын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр галын тахилга хийж, ном хурна.
Галын тахилгын дараа Зул өргөх ёслол болно. Орой 22:00 цагаас хоёр дуганы бүх лам нар нийлээд "Энх тайвны мандал өргөх" ажиллагаа болно" гэж ярилаа.
Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх шашны Дээд сургуулийн багш Б.Соронзонболд гал тахих ёслолын талаар талаар тайлбарласан юм.
Тэрбээр "Хамба лам Д.Жавзандорж ширээндээ заларсан цагаасаа хойш бурхан шашны номыг монгол хэл дээр хөрвүүлэх, унших санаачилга гаргасан. Үүний нэг илрэл нь Гал тахих зан үйлийг монгол хэлээр уншихаар төлөвлөсөн.
Галд тахих зан үйлийн үеэр уншдаг Монгол болон Төвөд хэлээр бичигдсэн олон ном, судар бий. Энэ бүгдээс монгол ламын зохиосон Галд тахилгын судрыг сонгож, орчуулсан байгаа.
Энэ судрыг Жанрайсэг дацангийн лам нар голлон уншихаар төлөвлөж байна" гэсэн юм.
Мөн энэ үеэр мигзэмийг олон тоогоор уран уншиж, тоог нь хийдийн албан ёсны цахим хуудаст тоогоо ирүүлэхийг Тэргүүн хамба ламын зүгээс уриалж байгааг Ж.Одгарьд ламтан онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!