Холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоо болох Ultimate Fighting Championship (UFC) энэ сарын 23-нд Макаод ээлжит тэмцээнээ хийнэ.
Энэ удаад ОХУ-ын Петр Ян болон бразил тулаанч Дейвисон Фигейреду нарын хэн ялсан нь аваргын бүсийг хэн нь эзэмшихээ шийдэх чухал тулаан биднийг хүлээж байна.
Тэгвэл гол тулааны өмнөх "Preliminary Card" буюу чансаа ахиулах тулаанд Монголоос UFC-д тулалдахаар албан ёсоор гэрээ байгуулсан хоёр дахь тулаанч Т.Нямжаргал АНУ-ын тулаанч Карлос Хернандестай тулалдана.
Холимог тулааны ертөнцөд найм ялсан үзүүлэлттэй яваа Т.Нямжаргал том холбоонд анхны тулаанаа хийх бол түүний өрсөлдөгч К.Хернандес UFC-д зургаа дахь тулаанаа хийх юм.
Чансаа ахиулах тулаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ. Харин гол тулаанууд 19:00 цагаас нээлтээ хийнэ.
Өмнөх таван тулааныхаа гуравт нь ялагдсан үзүүлэлттэй байгаа Т.Хернандес өрсөлдөгчөө ялахгүй бол гэрээгээ алдах аюулд орсон аж.
Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард Японы Рэй Цүрүяд дийлдсэн юм.
Т.Нямжаргалын хувьд UFC 302-т Бразилын Андре Лиматай тулалдахаар товлосон ч тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй. Т.Нямжаргал нийт 14 кг хасаж, жиндээ орсон байна.
Манай тамирчдаас UFC-д мөрөө гаргасан анхны тамирчин нь Д.Батгэрэл билээ.
2019 оноос 2023 оныг дуустал долоон тулаан хийхдээ гуравт нь ялалт байгуулсан. 2021 онд Брэндон Дэвисийг хүнд цохилтод оруулж ялсан нь тухайн долоо хоногийнхоо шилдэг тулаанаар тодорч, 50,000 ам.долларын урамшуулал авч байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!